1/01/2010

Нүүдэлчдийн багш нь мал гэхийн учиг

Унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай байх нь малчин өрх айл бүрийн юугаарч дутахгүй сайхан амьдрахын математикаар бол хүрэлцээтэй бөгөөд зайлшгүй байх нөхцөл, эдийн засгийн хэлээр бол мэдлэгт тулгуурласан, хангалуун амьдрах нөхцөл, улс төрийн хэлээр бол хэнээс ч хамаарахгүй тусгаар тогтносон бичил улс, ахуйн хэлээр бол зөвхөн өөрөө өөртөө үйлчилдэг хувиа хичээсэн, төрсөн нутаг ус, мал, байгаль цаг ууртаа зохицон амьдарч хүн болж төрсөн үүргээ биелүүлж, үеийн үед мөнхрөн амьдарч хүн төрлөхтөний түүхэнд хувь нэмрээ оруулсаар ХХ1-р зуунд байтуай түүнээс хойшид ч хүн төрлөхтөнийг дагуулан хөгжих ирээдүйн үхрийн жим зурайж байна.
“Хүргэн, бух хоёр буянаар ирдэг” ардын сургаал үнэн үү?, үнэн гэвэл хүний заяа завагт гэж санамсаргүй буюу урьдаас төлөвлөөгүй гэнэт их олз олох, аз завшаантай аливаа нэг тохиолдолын зүйрлэл биш, айл өрхийн ирээдүйн аз хийморь охиноос илүүтэй хүргэнээс хамаарна, сайн хүргэнтэй таарвал хүүтэй боллоо, саар хүргэнтэй таарвал охиноо алдлаа гэдэгтэй утга нэг бөлгөө. Гэтэл бэр буянаар олддоггүй, эсвэл эрийн сайнаар эр нь уургалдаг гэсэн гүн утга нуугдаж байнаа даа уншигчидаа гайхамаар юмаа. Тэхээр бас уургалагддаггүй, уургалавч уурганы хуйв нүд ирмэхийн зуурт тайлчихаад байдаг омоглон, дэргэд нь очихоор хамраа дуугаргаад сүрдүүлдэг морь мордонгуут хонь шиг номхон байдаг шиг баруун монголын сэвгэрүүд, буриадын басагдууд, зүүн монголын охидууд бас ч цөөнгүй байдаг нь амьдрал гэж сайн муугийн хослол эсвэл зовлон жаргалын хослол, эсвэл үнэнийг худал хэмээх цагт худал мөн үнэн. Үгүйг буй гэх үед буй бас үгүй, үүнийг л монголоор сэтгэх гээд байгаа билээ.
Бух сүргийн манлай, буурал гэрийн манлай гэж магтсан атлаа бух тавивал нэг мал сүйдэнэ, лам болбол нэг хүн сүйдэнэ. Энэ эсрэг цэцлэлийг тэгшитгэлийн хариу нэмэх хасах гардгийг эсвэл амьдрал эерэг сөрөг хоёрын нэгдэл гэдгийг батладаг байна. Энэ бүгдийг мэддэг, түүнийг дагаж амьдрагсадыг малчин гэж нэрлэдэг юм. Бухын малтсан шороо нуруун дээрээ буух, буруу явсан хэрэг өөр дээрээн буух, гэтэл азраганы самардсан шороо нуруундаа хүрэхгүй хэмээх сургаалаас малтах, самардах хоёр үйл үгийн ялгаа ямар агуу бэ?. Эндээс үхэр шороон махбодтой, адуу, монгол хүн хоёр хий махбодтойг батлах буюу үхэр хэвтэж, газраас эрч хүчээ сэлбэж амардаг бол адуу хэвтэхгүй тэнгэрээр тэтгүүлж амарч алжаалаа тайлдаг байна гэсэн дүгнэлт урган гарна. Тийм учраас адуу амархан боогдож байхад үхэр боогддоггүй учраас адууг боож муулдаг, үхрийг нугаслах буюу цохиж муулдаг нь мал муулах монгол технологийн нууц оршино.
“Сэтгэлд нь сэрх үхсэн, ухаанд нь ухна үхсэн” гэж хялбархан шийдэх аливаа асуудлыг хүндрүүлж, цаг алдаж шийдхийг уран хэлсэн байхад “өөдлөхөд өнчин цагаан ишиг, уруудахад ухнан цагаан ишиг” эсвэл ямаа баяжихын эх, хоосрохын төгсгөл ч гэж өрх айл болон хувь хүнийг уруудхыг эсвэл муу гэж хэлэхийн оронд ямаагаар нь илэрхийлдэг гүн ухааныг суурин иргэншлийн эрдэмтэд ч үл ойлгоно, энэ хэллэгийг орчуулах үг ч байхгүй, сайн даа л ямаа, ямаа гээд л байна, лавал муу хэлээгүй байх гэхчилэн эсрэгээр сэтгэнэ . . .
малчид гэж хэн бэ?:
Барс цагт эс босвол өдрийн явдал нь хоцордог, багадаа эс сурвал насны явдал хоцордог, өөдлөхөд санах сэрэх хоёр, уруудахад унтах идэх хоёр, унтахыг хэмнэвэл ухаан нь сэргэдэг, ундаа хэмнэвэл судас нь чангардаг. Нүдээ байхад нь үзэж, шүдээ байхад нь гамнадаг, өчүүхэн нялхдаа эхийн сүүгээр өсдөг, өссөн цагт эцгийн элбэрэлийг хүртдэг, биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээгээрээ тэжээдэг. Инээд эвтэй, ханиад ханьтайг мэддэг, биеэ тохижуулж байж, гэрээ тохижуулдаг. Гэрээ тохижуулж байж, улсаа тохижуул хэмээх сургаалаар хүмүүжсэн. Тохироогүй хувцас нүдний балай, тослоогүй тэрэг чихний балай, буртгаа угааж цэвэр болох, буруугаа хэлбэл нөхөр болох, биеийн бохир сүр дарна эсвэл заваан хүн өвдөх нь их хэмээх ахуйн соёлтой. Жаргалын дээд нь сэтгэл амар, нөхрийн дээд нь үл атаархагч, гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш хэмээх аман хуулинд захирагдаж, энэ хуулийг дагаж амьдардгаар малчин заяа мөнх билээ. Эндээс нүүдэлч малчныг тосгонжуулна хэмээн цэцэрхэх нь төөрөгдөл болохоос хөгжил биш, нүүдлийн иргэншил суурин иргэншлийн эхний шат биш гэдгийг шинжлэх ухаанчаар батлаж байна.
Өрхөөр орсон салхи, сүүжний нүхээр үлээхийг хүртэл мэддэг, өсөх насандаа чармайж, үсээн цайвч гэмшилгүй, өсөх малыг өнгөнөөс нь таньдаг, өөдлөх хүнийг сэтгэлээс нь таньдаг, гүн бодолтныг явдлаас нь таньдаг, гүйх морийг сойлгоос нь таньдаг, дуулгавартай өсч, хамжааргатай өтөлдөг, өсөхөөн больсон мал хотондоо мөргөлдөхийг мэддэг, өөдлөхөөн больсон айл, гэртээн хэрэлддэгийг цээрлэдэг, өсөх нас холдож, ургах шүд зогсохыг ухаардаг, өдөр хийсэн ажил, хэлсэн үгээ шөнө орондоо шинждэг, өтлөхөд өвсөнд бүдэрч, өеөдөхөд өөхөнд хахдаг нь амьтаны ёс ч гэсэн хахах өөхтэй, бүдрэх өвстэй, чандмань эрдэнэ усаа хаанаас л бол хаанаас олоод уучихдаг, унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай, алжаалаа тайлж гэрт амьдрагсадыг малчин гэнэ. Үсийн төдий эндүүрч, үхрийн чиний алдаа гаргадаггүй, үүд өрх сахих хүүтэй, ураг төрөл тэлэх охинтой, үүд муутын хоймор суудаггүй, удам муутын охинтой гэрлэдэггүй, оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньдаг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэддэг, мөнх тэнгэрийн хишгийг хүртэж, хөх ногооны униар, хөрст дэлхийн шимээр амьдрагсадыг малчид гэнэ.
Биеийн бөхөөр нэгийг ялж, сэтгэлийн бөхөөр мянгыг ялахыг мэддэг, ухаанд нь ухна үхэх, сэтгэлд нь сэрх үхэх сургаалыг цаг үргэлж санаж явдаг, махнаас илүү сүүгээр хооллохоо мэддэг, шавар тагзанд суувал бам чийгтэхээс сэргийлж, салхи даган нүүж биеийн болон сэтгэл санаагаа үргэлж цэвэр ариун байлгахаа мэддэг, сайн юмыг харж нүдний гэмээ арилгадаг, муу юмыг харах байтугай хэлэхийг ч цээрлэдэг, сайн муу нийлж хүүдий дүүрдэгийг сургаж, муу сайн гэж хэлэхийн оронд ТХМ-аа халуун хүйтэн хушуут гэж ялгаж, муу үйлийг хүйтэн хушуут малтай, сайныг халуун хушуут малтай зүйрлэж ярьдаг, газар шороогүй бол орох орон, оочих ус, тэр ч бүү хэл хүн амьтан ч байхгүйг ухаарч ээлжлэх дөрвөн улиралд яаж ч ядарч зүдэрч явсан газарт шаасан төмөр байтугай модон гадас ч үлдээдэггүй экологичид, малаа гэсэн сэтгэлд зовлон хурах зай гаргадаггүй, газар тэнгэр нийлж байсан ч малаа гэвэл амиа өхийг ч юман чинээ боддоггүйчуудыг малчин гэнэ.
Найрын гурван дуутай, наадмын гурван даваатай, хорвоогийн бүх юмыг хоёрхон шавхдасанд багтаадаг, бодоо ухаанаар малладаг, богио дагаж малладаг, унах морьтой, ачих тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай амьдрахаа мэддэг, олон хүүхэдтэй айл дээд баян, олон малтай айл дунд баян, хатуу хөрөнгөтэй айл адгийн баян гэдгийг мэддэг, эдийн баянаас сэтгэлийн баян илүүг ухаарч амьдрагсадыг малчин гэнэ.
Уухаараан ухаанаан уудаг, уурлахаараан улаан галзуу болдог, ууж идэхдээн уургийн морь шиг, урагш гишгэхдээн ургаа хад шиг, урагш алхахдаан ултсан бух шиг, залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй, залж ирсэн бурхан шиг, засч чимсэн балин шиг, залуу байхдаан заднаас айж, өвгөн болохдоон өднөөс айдаг, залуу цагтаа замгүй явж, зөнөх цагт зовлонд учирах, залхуу хүн гэрийн буг, заваан хүн хувцасны буг, шийрэн хоолтой, шааран ундтай, эмээлээсээн өндөр даваа даваагүй, эхнэрээсээн ондоон хүнтэй танилцаагүй, эмээн дагаж төрхөмд нь зарагдаж, өрөнд баригдаж төрөгсдөөн зовоодог малчин байдгийг ч нуух юун. Гэвч сайн муу нийлж хүүдий дүүрдэг болохоор сайн давж муу нь хоцордог хуулиар малчин заяа мөнх юм.
Сайн сайхны тухай сайхан ярих нь хэлсэн бүхнээ хийчихсэн эсвэл заавал хэрэгжүүлнэ гэсэн үг биш, бидний толгойгоор тоглож, бидний тархийг амныхаа хийгээрээ угааж байна гэж ухаардаг малчдыг тэнэг гэх үү.
Монгол хүн хий махбодтой учраас хэлсэн бүхнийг хийчихсэнтэй адил андуурдаг бол хятад хүн шороон махбодтой учраас хийсэн хойно нь итгэдэг. Хүн залуу насандаа сэтгэн бодхоос бясалган ухаардаггүй учраас сайн сайхныг бүтээх тухай мөрөөдлийн урлагт итгэж, андуурах тохиол их байдгийг санагтун, хожим харамсахгүй байхын тулд сайн тунгааж бодох хэрэгтэй шүү.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг малчдыг хүмүүжилгүй гэх үү.
Гал нь шороог олвоос алтыг бүтээж, ус нь шороог олвоос модыг ургуулж, шороо нь 4 цагийн эргэлт, таван махбодын амь учир, шороог алт ус хоёроос салгаваас сүйрэл дууддагыг мэддэг малчид зурхайчид биш гэж үү.
Чонын үүрэнд ч хутагтай ордоггүй нинжин сэтгэлтэй, эцгийн долоон дээд эцгээс гүн удамшилтай, эхийн гурван дээд ээжээс гүн уламжлалтай, наран саран сүүнээс эрчимхүч авсан, таван хушуу малаа заавал тарган сүүлтэй адуулдаг малчдыг биологчид гэх үү, оюун билиггүй гэх үү.
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатааж, дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж иддэг, шөлтэй хоолоо таргаар амтлахаа мэддэг, давс нэг эрдэмтэй ерэн есөн гэмтэй, хужир нэг гэмтэй ерэн есөн эрдэмтэйг мэддэг, хужрыг тосон, шороон, мөсөн хужир гэж ялгаж, тосон хужирыг өвөл, хавар малдаа өгдөг, хужрыг “турахын цагт тушаа, таргалахын цагт ташуур” гэж сургадаг, чанасан махыг гургалдайнаас эхэлж идвэл хураан авч ёс журам мэдэхгүйг нь ойлгуулж ичээдэг малчдыг хоолны соёлгүй, малын дөргүй гэх үү.
Үгээр биш, үйлээр дүүрэн, мөнгөөр биш, сэтгэлээр баян байдаг малчдын ТХМ нь ачтай буянтай өчигдөр, азтай золтой өнөөдөр, одтой олзтой маргааш байдгаараа гурван цагийн эргэлтэнд мөнх амьдардаг малчдыг ирээдүйгүй, хөгжлийн туйлдаа хүрсэн, цааш хөгжих боломжгүй, хоцрогдсон хэмээн цэцэрхэгч зарим эрдэмтэн мэргэдүүдтэй санал зөрж байгаагаа илэрхийлж бичиж байнаа.
Малынхаа буянаар бид дэлхий даяар олонтоо тохиолдож байсан эдийн засгийн хүнд хүнд хямрал, өлсгөлөнгийн сүйрэлийг үзээгүй, Манжийн дарлалд 200 гаруй жилд ч өлсөөгүй шүүдээ.

Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг уламжлал зөвхөн малчдад хадгалагдаж байна даа. НИ,СИ хоёрыг шинжлэх ухааны хэлээр илэрхийлвэл НИ-динамик систем буюу урсгал ус гэвэл СИ-статик систем буюу цөөрөм, шалбааг аажимдаа ширгэж, ялзарч намаг болдогтой адил СИ-ийн хүний хөгжил мөхөл рүү ойртож явнаа.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” хэмээн ухаарагчдийг наймаачин, “өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” хэмээн сэтгэгчдийг төрийн хүн гэж ялгаж чаддаг малчид төрөхдөө наймааны ухааныг өвөртлөөд төрдөг учраас суурин иргэншлийнхний ажил, амьдралын эдийн засгийн үндэс зах зээлд амьдрахын үндсэн арга- бизнесийн ухаанаа зааж сургах гэж битгий цаг, хөрөнгөө зар, харин тэднээс суралц, малдаа мөнгө зарахгүй өсгөөд чаддаг шигээ та нараас тэд мөнгө нэхэхгүй. Тухайлбал МУ-ын гавъяат эмч, доктор, профессор, Элэгний гэж монголд байтугай дэлхийд бүтээл нь алдаршсан М. Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй” бүтээлийн 93-р хуудсанд “Нэг хонины сүүлийг хэрхэн таван хонь болгосон тухай” эсээг уншаарай, танд нэгийг ухааруулна.

No comments: