1/01/2010

Малыг малчдад өгсний гавъяа их ээ

Монгол хүн малынхаа буянаар: 1. Бүх насны турш ажилтай, дөрвөн улиралдаа тохирсон цэвэр ус, цэвэр агаар, цэвэр хөдөлгөөн, цэвэр үнэр, цэвэр хоолтой, 2. Оюуны болон сэтгэлийн сэвгүй, гэрлэн бие нь сэвтдэггүйгээр, зурхайн ухаанаар амьдардгаас өөрөөр хэлбэл шинжлэх ухаанчаар ажиллаж, амьдардагаараа суурингийнхаас ялгагдана. Малаа хариулж явахдаа үргэлж бясалгал хийж явдаг учраас малтайгаа хүйн холбоо тогтдог, шинжлэх ухааны хэлээр бол хоёроос доошгүй үл мэдэгчтэй тэгшитгэл бодож нэмэх хасах хариунуудыг тайлбарлаж амьдралдаа хэрэгжүүлж байдаг, жишээлбэл малаа өсгөхдөө хөршүүдийн малаас ялгарч байхын тулд зүсээр эсвэл хийц галибараар манайх гэсэн онцлогыг хадгалуулж өсгөдөг. Өөрөөр хэлбэл магадлалын онолд нэвт боловсорсон, амьд ертөнц од эрхэсийн учрыг олж ухаанаа уралдуулж амьдардаг улс ганцхан нүүдэлчид юм. 3. Монголчууд таван махбодын онолоор хий махбодтой учраас амархан бузартдаг, урсгал усны хор гарсан хойно долоон сард голын усанд ордог, хэдэн жилээр ч усанд орохгүй байхад өвчлөхгүй, гэтэл нүхэнд байтугай байшингийн бам чийгэнд бамтаж хөл гарын үеүүд нь хавдаж чийгтдэг энэ мэт биоэкологийн онцлогыг ялган ухаарахгүй хүчээр усан болон шороон махбодтонтой адилтгаж усанд ордоггүй бүдүүлэг, түүхий мах иддэг, малаа дагасаар маанаг болсон, хөгжилд саад болж байна, хурдан суурыпилд оруул хэмээн цэцэрхэж байгаа эрдэмтэд бэлчээрийн мал, тэжээлийн мал хоёрын ялгааг хоёр талаас нь харахгүй зөвхөн тэжээлийн малын талаас нь сэтгэж, бэлчээрийн малыг хоршоо маягаар нэгтгэх, суурыпилд оруулна гэж Ерөнхийлөгчийн “мянганы хөгжлийн бодлогод ч оруулсан, үүнийгээ мачдын нийгмийн бодлогын хөтөлбөрөөр батжуулах гээд байгааг УИХ-ын зарим гишүүд тухайлбал Амаржаргал гишүүн эсэргүүцэж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн билээ.
Э. Бат-Үүлийн өдрийн сонинд өгсөн “ Бид дөчин мянгатынхан” гэсэн ярилцлагадаа” мэдээж хэрэг бид монгол хүүхдийн хэв шинжит дүрд гардаг шиг чулуугаар гэр барьж тоглож байгаагүй, байрныхаа дэргэд окоп ухаж байлдаж, золбин нохой тэжээж тоглож өссөн” гэж ярьснаас бид адилхан хүн, бидний өссөн орчин өөр учраас тэрнийгээ дагаж амьдардаг гэснээс окоп ухаж, золбин нохой тэжээснээр хотынхон соёлтой, байгалиа дагаж чулуун гэр барьж, хурга ишигтэй тоглож өссөнөөрөө та нар соёлгүй, биднийг дагаж амьдар гээгүй, нисдэг нь нисдэгээрээ, мөлхдөг нь мөлхдөгөөрөө хүн амьдрах жамтай юм. Мөлхдөгийг нисдэг болгох гэдэг онол нь коммунизм, өөр өөрийнхөө замаар хөгждөг нь зах зээлийн хууль бололтой.
Малыг малчдад өгсөн нь нийтийн өмчийг хувийн өмч болгож, аж ахуйн олон хэвшлээс татгалзсан, социалист хэвшлээс капиталист хэвшилд шилжсэн ардчилсан хувьсгал юм. Үүний хүчинд Монгол улс ахар богино хугацаанд зах зээлд шилжсэн, хот хөдөөгүй өрх айл бүр амьдрал нь сайжирсан, эр эмгүй машинтай, мотоциклтэй болсон, хотынхон орон сууцтай, хөдөөнийхөн таван хушуу малтай болсон. Монгол улс зах зээлд шилжсэний хамгийн том гавъяа нь хүчээр устгаж байсан нүүдлийн соёл иргэншлээ буцаан авч, суурин соёл иргэншилтэй хослуулан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэнд оршино. Үүнийг буцааж хүчээр ССИ-д хөрвүүлэх бодлогыг БМАА 20 боть цуврал номондоо нүүдэлч малчдын нийгэм-эдийн асуудлыг хоршоолол, нэгдэл гэдгээ нэрий нь суурыпил, тосгонжуулах нэрээр сольж агуулагыг хэвээр дахин сэргээхээс өөр зам байхгүй гэсэн “онол” дэвшүүлж байгааг Би эсэргүүцдэг юм.
Харин бид амьдралын алтан дундаж дээр оршин тогтнох чадвар муутай, алтан дундажаас үргэлжид дээш, доош савж байдаг нь байгалийн эрхшээлд зохицож амьдардагт оршино. Монголчууд жалга довоороо ялгагдаж байдаг нь амьдарч байгаа байгалтайгаа зохицож, ажил амьдрал нь үргэлжилж байгаагаас биш, бүдүүлэг хоцрогдсных бишээ.
Дашрамд тэмдэглэхэд малчдын хүүхдийг зургаан наснаас нь сургалтанд хүчээр хамруулдаг ч төдий л оновчтой биш бодлого, төрийн харанхуй дээрээсээ түмэний харанхуй доороос гэдэг энэ бөлгөө. Үүний буруугийн учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах чадал, мэдлэг байвч, хичнээн үнэн үг хэлэх цаг хугацаа, орчин нь бүрдээгүй үед хэлбэл өөрийгөө гутаадаг, доромжилсон болж хувирдагыг их хурлын гишүүд болон ерөнхийлөгчдийн сонгуулийн үйл явцаас ойлгов. Түрүүлж дуугарсан хэрээний хошуу хөлддөг, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр эсвэл хэт шудрага тэнэгийн нэг хувилбар ч гэж хэлдэг гэгчээр цэцэн хүн болох гэж дутагдлын дэргэд дуугүй сууж байгааг минь бурхан л мэдээгүй байгаасай хэмээн залибирая.
Малчдын хүүхдийг зургаан наснаас сургуульд хүчээр суулгах нь малчин уламжлалын үрийг тасалж, малаа мэддэггүй, махчин мангасуудын уурхай бэлтгэж эхэллээ. Товчоор тодорхойлбол “морио босоогоороо унтахыг далайн таталтын хүч, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлтийн хүч” гэж ухаардаг холч ухаантай монголчуудыг сэтгэлд нь сэрх үхүүлж, ухаанд нь ухна үхүүлэхээс өөр юу ч бодох чадваргүй, дээшээ харж идэж, доошоо харж тонгойхоос өөр юу ч хийх ажлын чадвар дадлагагүй, дээрээн шүдтэйгээс үхэртэй адилхан болгож “бага үндэстэн их үндэстэнд уусаж живээд мөхөж үгүй болдог” зам руу дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж яваагаа үл мэдэгч ард бид буруутай ч “үндэстэн өөрөө өөрийгөө мөхөөх” сонгодог аргыг сонгосон, дээрэмдэж олсон мөнгөөрөө худалдаж авсан эрхтэй тушаалтануудаар бариулсан төрийн буруутай үйл ажиллагаанаас илүүтэй хамаарч байна. Төр баригчид нь авилгад автагдсаныг илэрүүлж, авилгалчидтай тэмцэнэ гэж гарч ирсэн ерөнхийлөгчийн юу хийж чадхыг харах цаг болсон нь тавьсан саналаа биелэх боломж нээгдлээ хэмээн үзэж байна.
Оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньж хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх үедээ хийж чаддаг, эрийн сайнаар, малын буянаар амьд хоол, ундаа хүртэж, агт морьд армаг хурдан хүлэгээр аадан хөөж, дугуй сүүлт дун цагаан хониор алд биеэн хувцаслаж, өвчин эмгэгээ илааршуулж, дөрвөн улирлын туршид цагаан-улаан хоолоор тасардаггүй, дугуй дөрвөн ханан дотор амьдын жаргалыг эдлэж амьдардаг монголчуудыг бусдын буяныг хуваалцаж, амьгүй хоолоор гэдсээ түгжиж, амьгүй ус ууж, “барьж үзэх биегүй, барьж шийтгэх эрхгүй, дорго шиг ээнэгшүүлж байгаад залгидаг эгдүүтэй амьтнаар” бие сэтгэлээ тэжээж, шавар нүхэнд бам чийгэнд баригдаж, ДОХ-оор цэнгэж, баараар цаг заваа барж, шаваарлалддаг амьдрал тулгах гэдэг жаргал гэж үү.
Орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэрч, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ухаарч байгаль экологио хайрлаж, хадгалж, элээлгүй хойч үеийнхэндээ үлдээн, зөв амьдрахын замыг засаж, төрлөх монгол хэлээ өдөр бүр баяжуулж, ухаарч амьдардаг урт ухаант монголчуудыг маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэсэн сэтгэхүйгээр, байгалийнхаа баялагыг бэлэнчилж хөнөөж, төрлөх хэлээ архивлаж, зүгээр сууж, зөөлгөж идэж, сүнс нь хорогдох бүсгүй, биеэн байтугай нуудгайгаа хаах алгын чинээний ч нэхийгүй, шавар нүхэнд ам нь бардан, нууц нь шалдан амьдралыг ирээдүй хойчийн үр удамдаа авчирч, үлдээж байгаадаа гутрах юу ч билээдээ, төрийн төлөө огтоно гэгчээр түмний төлөө миний санаа зовох ч юу билээ хэмээн бодовч түм нэгээс эхлэдэг, төрийг ганц хүн барьдаг болохоор төрийн түшээддээ сонордуулж байнаа, үгүйдээ хойч үе маань бидний төлөө ганц ч болов боддог хүн байжээ гэж бодуулахаар бичиж үлдээж байна.
Хөх ногооны униар үнэрлэж, хөрст дэлхийн шимийг хүртэж амьдрах хувьтай заяасан нүүдэлчин монголчууд бидний хувь заяа арай ч завагт бүр мөсөн нуугдахгүй, удахгүй ил гарч ирнэ гэдэгт итгэнэм Би.
Говийнхоныг урт ухаантай гэдэг : 1.Хангайн хүн говийн айлд очоод танайхны мал газар тонголзоод ам нь хөдлөөд байх юм, нүдэнд үзэгдэх өвс алга юу иддэг байнаа гэхэд тонголзоод байдаг нь лав л газарт мөргөөгүй байх, ам нь хөдлөөд байдаг нь лав л маань уншаагүй байх гэж хариулсан нь . . . 2. Уртын дуу, морь уралдах, бөх барилдах зан үйл говиос гаралтай. 3. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шарын шашины хэлмэгдүүлэлтээс говийн эмэгтэйчүүдийг аварч гарсан гавъяаг үл мартана.
Өрнөдөд хонийг тэнэг амьтан гэдэг бол монголчууд сүргийн маналай хөх нүдэн хонио тэнгэрт даатгаж сэтэрлэдэг, сүргийн сор шар халзан иргээ хүндтэй зочинд бэлэг болгон барьдаг. Малын сор манхан халзан хониныхоо төөлэйг бурханд өргөдөг. Хараадаггүй, оюуны чадавхаар хүнээс давуу 50 айку гэж эрдэмтэд нотложээ. Өнөөдөр хониор боодог хийж, мөнгө цаасны оронд зарлагадаж ямааг ямбалуулж явсаар их удахгүй хонь гүй орон болоход ойртсоор байна гэж их эрдэмтэд бичиж байна.
Дугуй сайхан сүүлтэй, дуграг хоёр эвэртэй, дун цагаан хонио, дурсах хөшөөгөөр соливол нүүдлийн монгол суурин монгол болж, цагаан-улаан хоолтноос ногоон-улаан хоолтон болж, бүстэй хувцасаа бүсгүй хувцасаар сольж, хөх толбоо өл халзнаар сольж, хий махбодоо шороон махбодоор сольж, байгаль экологоо сэргээж тэтгэдэг амьдаралаа устгаж амиа зогоодгоор сольж, амьд хоол, ундаагаа амьгүй хиймэл хоол ундаар сольж, эсгий туургатнаа шавар туургатнаар сольж, хувь тавилангаа даатгадаг, даадаг морио, амиа алдах эрсдэлтэй төмөр мориор сольж, өөрөө өөрийгөө тэжээдэг амьдралаа, өрөөл бусдаас хараат болгож, яруу сайхан монгол хэлээ, наймааны англи хэлээр сольж, төвд тэмүүлэх хүчний амьдралаа төвөөс зугтах амьдрал руу эсвэл хонин амьдралаас ямаан амьдрал руу шилжүүлж ертөнцөөс өөрсдийгөө цэвэрлэж буйгаа хүн төрлөхтөн, түүний дотор өнөөгийн монголын үр сад мэдрэхгүй сэрэхгүй байгаад харамсах юм.
“Үнээний шим арвин , хонины ашиг их”, “Ямаа өсвөл малгүй болохын ёр, байвал эвэргүй мухар ямаа өсгө” гэж монгол ардын аман хууль байдаг. Ямаа өсвөл хонь хорогдоно, ямаан толгой ямбанд ордоггүй бол зах зээлд ямаа ямбанд орлоо, ямаа хаврын яргуй, хэнз ногоог хонины аманд ч хамарт ч хүртээдэггүй. Тэгж овоо тарга аваад байтал зуны халуунд тэсч чадалгүй түүнээ урсгачихдаг, тэр ч байтугай говийн үдийн пүү халуунд ганц орилоод үсэрчихдэг, голын хүйтэн усанд дүрвэл сэхдэг тохиол бий. Өвлийн хүйтэнд хонины нөмөрт хоргодож илчинд нь биеэ дулаацуулж амиа хоохойлдог амьтан. Тийнхүү хонины буянгаар өл залгуулж амь зуудаг ямаа олшроод ирвэл “сайн нь муу болж муу нь сайн болдог” хос хууль энэ тохиолдолд үл биелэх тул ямаанаас болж цөлжсөн улс орон энэ дэлхийд хэд хэд дуулдах юм. Ядахдаа эвэргүй мухар ямаа өсгөх аян монгол даяар зохиоё.
“Өөдлөх айлын хот нь цайрдаг бол уруудах айлын хот нь бараантдаг” нь физикийн хуулиар хонь төвд тэмүүлэх хүчний үйлчлэл дор цугларч байдаг, ямаа төвөөс зугтах хүчний үйчлэлд дор задарч байдгийг сургасан байна. Үүнийгээ батлаж, хонины хот гэхээс ямааны хот гэдэггүй эсвэл ямаа гурав ихэрлэвэл гурван хүүхэд уралдуулж, хоцорсон хүүхдийн ишгийг алдаг, гэтэл хонь гурваар ихэрлэх нь ховор, ихэрвэл хонь өсөх нь гэж баярлаж, ханандаа зууравч нэмж гэрээ томсгодог монголчуудын далд мэдлэгийг бахархцагаая. Иргэл баяны 11784 толгой малаас, хонь 10478, ямаа 905 толгой хонь 88,9%, ямаа 7,6% байсан нь өөдлөхөд хот цайрна гэдгийн учрыг энээс илүү яаж тайлбарлах билээ. Энэ нь малчдын мэдлэг далд суурингийнхний мэдлэг ил гэдгийг хэлээд байгаа билээ. Өөдлөж яваа айлаас мал худалдаж авхаас уруудаж яваа айлаас авбал өсөх нь илүү гэсэн аман хуулийг мөрддөг, эсвэл хор нь гарсан хүнээс ав гэж ахмад нь залуу үеэ сургадаг нь үг ямар үнэтэй болохыг ухааруулах мэт, эсвэл хүн хэлээр тэмээ тэнгээр буюу хэлний үүрэг ямар агуу болохыг ойлгож болно. Эндээс малчин мал хоёр хүйн холбоотой төдийгүй төр мал хоёр хүйн холбоотой хэмээвээс :
Өнөөдөр монголын мал бүхэлдээ цайрах биш улайраад байгаа нь мал гүй болохын муу ёр төдийгүй төрийн хямрал ихсэхээс багасахгүйн баталгаа болж байнаа. Тэгвэл хонины хот цайрсан цагт монголын төр хямралгүй, түвшин болно гэсэн онол дэвшүүлж байна, сөрөх чадвартай аавын хүүхдүүдийг уриалан дуудаж байна.
Халуун хушуутай малын жороог малчид сайны бэлэгдлийн шинж гэж үздэг, тухайлбал жороо хонийг өсөхийн бэлэгдэлтэй гэж адууныхаа жороог хонин ба тэлмэн жороо гэж ялгадаг. Гэтэл хүйтэн хушуут малын жороог нэг их сайшаадаггүй. Хүйтэн хушуутай жороо мал, сайвар хүнийг ч салгалаад, хоёр тийшээ савчаад буянаа барсан өөдгүй гэж үздэг. Тиймээс жороо үрээгээр азарга тавьдаггүй нь тэнэгийнх биш цэцэнийх, энэ нь малчид боловсролгүй биш, гүн боловсролтойнх гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. “Гучин гурван шарга” дуунд гурваас бусад нь жороо гэсэн нь 33 л жороо байж яагаад болдог гүй байнаа? Үүнийг л монгол гүн ухаан гээд байгаа юм.
Энэ мэтээр монголчуудын бэлчээрийн мал маллах технологийг тэжээлийн мал мэддэг, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нээж чадахгүй, харин М. Төмөржав, Л. Түдэв, О. Шагдарсүрэн, Н. Эрдэнэцогт зэрэг цэвэр монголоор сэтгэдэг, малчны хотонд хонь хариулж өссөн хүмүүс л ойролцоогоор ухаарч бичхээс тэр технологийг баяжуулан бүрэн агууллагаар нь уудлан шинжлэх ухааны үүднээс нэгтгэн дүгнэж, баяжуулан бичсэн сод эрдэмтэн гарын таван хуруунд багтана гэвэл хэтрүүлгэ үү, бодит үнэн үү.

1 comment:

Tsogtoo said...

sanal neg bna honitoi hot sartai shunu shig haragddag shu de