1/01/2010

Малын буян ихээ

Монголчууд чинь төрөхдөө бизнесийн буюу наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг улс юм шүүдээ. Х. Сүхбаатар.
Тайлал: Зах зээл дөнгөж эхлэж дэлгүүрт давснаас өөр юмгүй болонгуут багш эмч нарын 20-30 гаруй хувь ганзагийн наймаанд гараад явчихсан, тэр дороо ТҮЦ-үүдээр эхлэж, хар захууд үүсч хотынхон амь зуух болсон бодит баримт нотлож байна. Хотынхны ажлын байр нь наран туул болон техникийн зах мэтийн хэдэн зах дээр л бие биеэ шулж амьдарч байна биш үү.
Малчид наймаа хийхдээ олуулаа байвал ханцуйдаа хуруугаар тохирно, хурдан морины наймааг эзний хэлсэн үнээр нь авна, хазааранд нь адуу өгнө. Хэрэв үнэ бууруулж авбал авсан эзэндээ морь нь хурдлахгүй, хурд нь эзэндээ үлдэнэ. Харин хэлсэн үнээр нь авбал магадачгүй худалдсан эзний насны буян нь байсан бол дахиад морь нь хурдлахгүй төдийгүй модоо барь ч мэднэ. Авсан эзний морь их хурдлахгүй байсан ч буян хишиг нь дэлгэрч баяжиж мэднэ. Логикоор сэтгэвэл энэ үйл явц зүүн гарын эрхий хуруугаа тайрч өгсөнтэй утга нэг юм шүү. Өндөр үнээр мал худалдаж авсан хүн эхэндээ алдавч эцэстээ заавал хождог зүй тогтолтой хэмээн заншсан тул аман хууль мэт хатуу мөрддөг. Наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг учраас наймааг монголчууд эр эмгүй нэг их ой шаадаггүй нь наймаа тухайн үед л хэн хэнээ хожихыг бодохоос ирээдүй хойчоо боддоггүй. Эндээс маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг үг гарчээ. Наймааг тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг учраас наймаа буцах нь олонтоо байдаг.
Манай сэхээтнүүд, төрийн түшээд эцэг эхээс заяасан нүүдэлчдийн наймааны ухаанаа нээхийн оронд суурингийнханы түгжигдмэл наймааны ухааныг, наймаа хэмээх монгол үгээ менежмент гэсэн үгээр сольж, “менежментийн ухаан” гэж сүржин нэрлэж, хүний ухааныг өөрийн болгох гэж, их юм мэддэг хүн болох гэж хамаг цаг заваа зарцуулж тэдний туршлагыг судлаж, бодын шийр дөрвөөс илүү байх ёстой хэмээн андуурч, мухардалд ороод байгаагаа ухаарахгүй, зарим ахмад асан түшээд нь хүртэл малчдад менежментийн боловсрол олгоно гэж ярьж, бичиж байх юм. Ардын зохиолч Л. Түдэв монгол хүний ходоод харийн хүнийхээр солигдожээ гэсэнтэй адил манай төрийн түшээдийн ухаан, сэтгэхүй хоюул харийн наймаачдынхаар солигдсон учраас эцэг эхээс өвлөж ирсэн авдрынхаа түлхүүрийг гээчихсэн, 64 үйлдлээр гардаг цоож учраас гаргаж чадахгүй тул чи гаргаад дотор нь эцэг өвгөдийн хураасан хар цагаан алт мөнгө жаал зугай ховор нандин хатуу юм байх ёстой бүгдий нь аваад би чамаас гучаад хувийг нь худалдаж авая, авахгүй ч байсан яахав урьдчилгаа хэдэн зоос өгчих гэсэнтэй адил Оюу толгойн асуудал ёстой л сэтгэхүйд нь сэрх үхсэн, ухаанд нь ухна үхсэн гэдэг болж байна даа.
Монголын эдийн засаг өнөөдөр дамын наймаан дээр, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
“Ямааны чинээний гарз гаргахгүй бол тэмээн чинээний олз олохгүй” сургаал нь орчин үеийн менежментийн бодлогын тулгуур онол, таван хушуу мал дотроос хамгийн ашиг багатай ямаагаар өчүүхэн бага ч гэсэн зардал гаргахгүйгээр их олз олохгүй гэхийн багыг нэрлэсэн бол их гэдэг үгийн оронд тэмээн чиний гэж, яагаад адуун чиний эсвэл үхрийн чиний гэсэнгүй вэ гэдэгт л гүн утга нь оршиж байгаа юм.
“Хониор хүндэлбэл, үхрээр хүндлүүлдэг” сургаалд хонийг ямаагаар, үхрийг адуу, тэмээгээр сольж болохгүй юу гэсэн асуулт аяндаа ургана биз, үүнд ганцхан “болохгүй” гэсэн хариулт тохирно. Эндээс ТХМ-аа халуун хүйтэн хушуут гэж хоёр хувааж, халуун нь халуунаа, хүйтэн нь хүйтнээ дагахаас халуун нь хүйтэн хушуутад эсвэл эсрэгээр хувирахгүй гэдгийг ухааруулж байна. Ямаагаар яагаад хүндэлдэггүй юм бэ гэвэл халуун хүйтэн хоёр зэрэгцэж оршдог байгалийн хуулийг мөрдөж байгаагаас гадна, хүйтнийг өөртөө, халууныг нөхөртөө гэсэн монгол гүн ухааны илрэл харагдана, эсвэл хониор хүндэлдэг нь өөртөө татаж, нөхөр болгож байгаа үйлдэл, ямаагаар хүндэлвэл өөрөөсөө түлхэж дайсан бэлдэж байгаа хэрэг юм. Энэ хоёр сургаалд адуу оруулаагүй нь гуравдах сургаал дурдаагүйгээс болов уу эсвэл гурав дах сургаал байсан ч түүнд багтдаггүй юм уу гэсэн асуулт гарна: Уншигч олон өөр өөрсдийн бодол санааг уралдуулах нь мэдээж учир өөрийн саналыг толилуулбал: ямарч юманд хэмжээ хязгаар байдаг учраас адуу шиг их олз олохгүй гэсэн утга агуулж байна. Энэ нь “адууныхаа хирээр хашгарч, хөнжлийнхээ хирээр тийчлэнэ” гэсэн цэцэн үгтэй дүйцэнэ.
“Агт үхвэл гай арилна, ат үхвэл гай авчирдаг” сургаал нь өвдсөн эзний морь адуундаа янцгаагаад байвал эзэн нь үхэхийн шинж, морь нь үхвэл эдгэрч байдаг, гэтэл тэмээ тэх тусмаа ат гэнэт үхвэл маш их сэжиглэж, гай барцадаа арилгуулах бурханы ном уншуулах, мэргэн хүнээс асууж засал хийлгэнэ. Мал бол тохиолдох гай зовлонг арилгаж баярлуулах, эсвэл ирхийг урьдчилан мэдэж засах арга хэмжээ авах бололцоо олгож буй нь малын буян их, заавал таван төрөл малтай байхын батлагаа бизээ. ТХМ-аа халуун хүйтэн гэж нэрлэхийн учир ч үүнд оршиж байна. Малгүй бол учрах зовлон жаргалаа урьдчилан мэдэхгүй учир шууд л хар нүхэнд унах, эсвэл нисдэггүй байснаа нисдэг болох, эсвэл долоо дордож найм сэхэхийн алин болох, эсвэл агт нь эрхий хуруутай, ат нь ядам хуруутай адил утга агуулга илэрхийлж байдаг зэргийг үл мэднэ.
Үхэр долоо хоногийн дотор болох цаг агаарын эрсдэлтэй үзэгдлийг мэддэг, үүнийгээ буруу, шүдлэнгүүд нь эр эмгүй хоорондоо мөргөлдөх, томууд нь айлыхаа хамт бэлчдэг үхрүүдээ дуудаж мөөрөх, тугалтай үнээнүүд гэнэт мөөрөлдөж тугалдаа гүйж ирэх, гэртээ хорогдох зэргээр илэрхийлнэ. Газар хөдлөхийг ч мэддэг.
Адуу хүн хоёр байгалийн бүтээл, морь МОНГОЛ хүний бүтээл. Монголчууд морийг бүтээснээрээ: 1. дэлхийн талыг эзлэсэн. 2. Морийг дуурайж суурингийхан төмөр морь бүтээж эхлэснээс өнөөдрийн автомашин, ер нь хөдлөдөг машин механизмийг бүтээсэн гэсэн ч уулан дээгүүр тухайлбал Цэцээ гүн дээр гарах машин хийж чадаагүй л байна. 3. өртөөнөөс эхлээд орчин үеийн холбоо харилцааны систем хөгжсөн. 4. цагаан зурхайг монголчууд зохиохдоо 12 жилд монгол хүн буюу өөрийгөө “морь” гэж нэрлэж оруулсан төдийгүй эр жилийг мориноос эхлэж тоолохыг тогтоосон. 5. таван махбодын онолоор морь жил хий махбодтой учраас монгол хүн хий махбодтой зэрэг дүгнэлтэнд хүчээр хүрэв.
Эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь хувьсгал гэхийн нэг баримт нь байгалийн зэрлэг малын зүсийг хувиргаж, биеийн дотоод шинж чанар, ашиг шимийг гадна нь гаргаж, зүсээр(өнгөөр) тодорхойлох болгосон нь дэлхийн шинжлэх ухаанд оруулсан нээлт юм.

Нүүдэлчдийн багш нь мал гэхийн учиг

Унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай байх нь малчин өрх айл бүрийн юугаарч дутахгүй сайхан амьдрахын математикаар бол хүрэлцээтэй бөгөөд зайлшгүй байх нөхцөл, эдийн засгийн хэлээр бол мэдлэгт тулгуурласан, хангалуун амьдрах нөхцөл, улс төрийн хэлээр бол хэнээс ч хамаарахгүй тусгаар тогтносон бичил улс, ахуйн хэлээр бол зөвхөн өөрөө өөртөө үйлчилдэг хувиа хичээсэн, төрсөн нутаг ус, мал, байгаль цаг ууртаа зохицон амьдарч хүн болж төрсөн үүргээ биелүүлж, үеийн үед мөнхрөн амьдарч хүн төрлөхтөний түүхэнд хувь нэмрээ оруулсаар ХХ1-р зуунд байтуай түүнээс хойшид ч хүн төрлөхтөнийг дагуулан хөгжих ирээдүйн үхрийн жим зурайж байна.
“Хүргэн, бух хоёр буянаар ирдэг” ардын сургаал үнэн үү?, үнэн гэвэл хүний заяа завагт гэж санамсаргүй буюу урьдаас төлөвлөөгүй гэнэт их олз олох, аз завшаантай аливаа нэг тохиолдолын зүйрлэл биш, айл өрхийн ирээдүйн аз хийморь охиноос илүүтэй хүргэнээс хамаарна, сайн хүргэнтэй таарвал хүүтэй боллоо, саар хүргэнтэй таарвал охиноо алдлаа гэдэгтэй утга нэг бөлгөө. Гэтэл бэр буянаар олддоггүй, эсвэл эрийн сайнаар эр нь уургалдаг гэсэн гүн утга нуугдаж байнаа даа уншигчидаа гайхамаар юмаа. Тэхээр бас уургалагддаггүй, уургалавч уурганы хуйв нүд ирмэхийн зуурт тайлчихаад байдаг омоглон, дэргэд нь очихоор хамраа дуугаргаад сүрдүүлдэг морь мордонгуут хонь шиг номхон байдаг шиг баруун монголын сэвгэрүүд, буриадын басагдууд, зүүн монголын охидууд бас ч цөөнгүй байдаг нь амьдрал гэж сайн муугийн хослол эсвэл зовлон жаргалын хослол, эсвэл үнэнийг худал хэмээх цагт худал мөн үнэн. Үгүйг буй гэх үед буй бас үгүй, үүнийг л монголоор сэтгэх гээд байгаа билээ.
Бух сүргийн манлай, буурал гэрийн манлай гэж магтсан атлаа бух тавивал нэг мал сүйдэнэ, лам болбол нэг хүн сүйдэнэ. Энэ эсрэг цэцлэлийг тэгшитгэлийн хариу нэмэх хасах гардгийг эсвэл амьдрал эерэг сөрөг хоёрын нэгдэл гэдгийг батладаг байна. Энэ бүгдийг мэддэг, түүнийг дагаж амьдрагсадыг малчин гэж нэрлэдэг юм. Бухын малтсан шороо нуруун дээрээ буух, буруу явсан хэрэг өөр дээрээн буух, гэтэл азраганы самардсан шороо нуруундаа хүрэхгүй хэмээх сургаалаас малтах, самардах хоёр үйл үгийн ялгаа ямар агуу бэ?. Эндээс үхэр шороон махбодтой, адуу, монгол хүн хоёр хий махбодтойг батлах буюу үхэр хэвтэж, газраас эрч хүчээ сэлбэж амардаг бол адуу хэвтэхгүй тэнгэрээр тэтгүүлж амарч алжаалаа тайлдаг байна гэсэн дүгнэлт урган гарна. Тийм учраас адуу амархан боогдож байхад үхэр боогддоггүй учраас адууг боож муулдаг, үхрийг нугаслах буюу цохиж муулдаг нь мал муулах монгол технологийн нууц оршино.
“Сэтгэлд нь сэрх үхсэн, ухаанд нь ухна үхсэн” гэж хялбархан шийдэх аливаа асуудлыг хүндрүүлж, цаг алдаж шийдхийг уран хэлсэн байхад “өөдлөхөд өнчин цагаан ишиг, уруудахад ухнан цагаан ишиг” эсвэл ямаа баяжихын эх, хоосрохын төгсгөл ч гэж өрх айл болон хувь хүнийг уруудхыг эсвэл муу гэж хэлэхийн оронд ямаагаар нь илэрхийлдэг гүн ухааныг суурин иргэншлийн эрдэмтэд ч үл ойлгоно, энэ хэллэгийг орчуулах үг ч байхгүй, сайн даа л ямаа, ямаа гээд л байна, лавал муу хэлээгүй байх гэхчилэн эсрэгээр сэтгэнэ . . .
малчид гэж хэн бэ?:
Барс цагт эс босвол өдрийн явдал нь хоцордог, багадаа эс сурвал насны явдал хоцордог, өөдлөхөд санах сэрэх хоёр, уруудахад унтах идэх хоёр, унтахыг хэмнэвэл ухаан нь сэргэдэг, ундаа хэмнэвэл судас нь чангардаг. Нүдээ байхад нь үзэж, шүдээ байхад нь гамнадаг, өчүүхэн нялхдаа эхийн сүүгээр өсдөг, өссөн цагт эцгийн элбэрэлийг хүртдэг, биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээгээрээ тэжээдэг. Инээд эвтэй, ханиад ханьтайг мэддэг, биеэ тохижуулж байж, гэрээ тохижуулдаг. Гэрээ тохижуулж байж, улсаа тохижуул хэмээх сургаалаар хүмүүжсэн. Тохироогүй хувцас нүдний балай, тослоогүй тэрэг чихний балай, буртгаа угааж цэвэр болох, буруугаа хэлбэл нөхөр болох, биеийн бохир сүр дарна эсвэл заваан хүн өвдөх нь их хэмээх ахуйн соёлтой. Жаргалын дээд нь сэтгэл амар, нөхрийн дээд нь үл атаархагч, гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш хэмээх аман хуулинд захирагдаж, энэ хуулийг дагаж амьдардгаар малчин заяа мөнх билээ. Эндээс нүүдэлч малчныг тосгонжуулна хэмээн цэцэрхэх нь төөрөгдөл болохоос хөгжил биш, нүүдлийн иргэншил суурин иргэншлийн эхний шат биш гэдгийг шинжлэх ухаанчаар батлаж байна.
Өрхөөр орсон салхи, сүүжний нүхээр үлээхийг хүртэл мэддэг, өсөх насандаа чармайж, үсээн цайвч гэмшилгүй, өсөх малыг өнгөнөөс нь таньдаг, өөдлөх хүнийг сэтгэлээс нь таньдаг, гүн бодолтныг явдлаас нь таньдаг, гүйх морийг сойлгоос нь таньдаг, дуулгавартай өсч, хамжааргатай өтөлдөг, өсөхөөн больсон мал хотондоо мөргөлдөхийг мэддэг, өөдлөхөөн больсон айл, гэртээн хэрэлддэгийг цээрлэдэг, өсөх нас холдож, ургах шүд зогсохыг ухаардаг, өдөр хийсэн ажил, хэлсэн үгээ шөнө орондоо шинждэг, өтлөхөд өвсөнд бүдэрч, өеөдөхөд өөхөнд хахдаг нь амьтаны ёс ч гэсэн хахах өөхтэй, бүдрэх өвстэй, чандмань эрдэнэ усаа хаанаас л бол хаанаас олоод уучихдаг, унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай, алжаалаа тайлж гэрт амьдрагсадыг малчин гэнэ. Үсийн төдий эндүүрч, үхрийн чиний алдаа гаргадаггүй, үүд өрх сахих хүүтэй, ураг төрөл тэлэх охинтой, үүд муутын хоймор суудаггүй, удам муутын охинтой гэрлэдэггүй, оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньдаг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэддэг, мөнх тэнгэрийн хишгийг хүртэж, хөх ногооны униар, хөрст дэлхийн шимээр амьдрагсадыг малчид гэнэ.
Биеийн бөхөөр нэгийг ялж, сэтгэлийн бөхөөр мянгыг ялахыг мэддэг, ухаанд нь ухна үхэх, сэтгэлд нь сэрх үхэх сургаалыг цаг үргэлж санаж явдаг, махнаас илүү сүүгээр хооллохоо мэддэг, шавар тагзанд суувал бам чийгтэхээс сэргийлж, салхи даган нүүж биеийн болон сэтгэл санаагаа үргэлж цэвэр ариун байлгахаа мэддэг, сайн юмыг харж нүдний гэмээ арилгадаг, муу юмыг харах байтугай хэлэхийг ч цээрлэдэг, сайн муу нийлж хүүдий дүүрдэгийг сургаж, муу сайн гэж хэлэхийн оронд ТХМ-аа халуун хүйтэн хушуут гэж ялгаж, муу үйлийг хүйтэн хушуут малтай, сайныг халуун хушуут малтай зүйрлэж ярьдаг, газар шороогүй бол орох орон, оочих ус, тэр ч бүү хэл хүн амьтан ч байхгүйг ухаарч ээлжлэх дөрвөн улиралд яаж ч ядарч зүдэрч явсан газарт шаасан төмөр байтугай модон гадас ч үлдээдэггүй экологичид, малаа гэсэн сэтгэлд зовлон хурах зай гаргадаггүй, газар тэнгэр нийлж байсан ч малаа гэвэл амиа өхийг ч юман чинээ боддоггүйчуудыг малчин гэнэ.
Найрын гурван дуутай, наадмын гурван даваатай, хорвоогийн бүх юмыг хоёрхон шавхдасанд багтаадаг, бодоо ухаанаар малладаг, богио дагаж малладаг, унах морьтой, ачих тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай амьдрахаа мэддэг, олон хүүхэдтэй айл дээд баян, олон малтай айл дунд баян, хатуу хөрөнгөтэй айл адгийн баян гэдгийг мэддэг, эдийн баянаас сэтгэлийн баян илүүг ухаарч амьдрагсадыг малчин гэнэ.
Уухаараан ухаанаан уудаг, уурлахаараан улаан галзуу болдог, ууж идэхдээн уургийн морь шиг, урагш гишгэхдээн ургаа хад шиг, урагш алхахдаан ултсан бух шиг, залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй, залж ирсэн бурхан шиг, засч чимсэн балин шиг, залуу байхдаан заднаас айж, өвгөн болохдоон өднөөс айдаг, залуу цагтаа замгүй явж, зөнөх цагт зовлонд учирах, залхуу хүн гэрийн буг, заваан хүн хувцасны буг, шийрэн хоолтой, шааран ундтай, эмээлээсээн өндөр даваа даваагүй, эхнэрээсээн ондоон хүнтэй танилцаагүй, эмээн дагаж төрхөмд нь зарагдаж, өрөнд баригдаж төрөгсдөөн зовоодог малчин байдгийг ч нуух юун. Гэвч сайн муу нийлж хүүдий дүүрдэг болохоор сайн давж муу нь хоцордог хуулиар малчин заяа мөнх юм.
Сайн сайхны тухай сайхан ярих нь хэлсэн бүхнээ хийчихсэн эсвэл заавал хэрэгжүүлнэ гэсэн үг биш, бидний толгойгоор тоглож, бидний тархийг амныхаа хийгээрээ угааж байна гэж ухаардаг малчдыг тэнэг гэх үү.
Монгол хүн хий махбодтой учраас хэлсэн бүхнийг хийчихсэнтэй адил андуурдаг бол хятад хүн шороон махбодтой учраас хийсэн хойно нь итгэдэг. Хүн залуу насандаа сэтгэн бодхоос бясалган ухаардаггүй учраас сайн сайхныг бүтээх тухай мөрөөдлийн урлагт итгэж, андуурах тохиол их байдгийг санагтун, хожим харамсахгүй байхын тулд сайн тунгааж бодох хэрэгтэй шүү.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг малчдыг хүмүүжилгүй гэх үү.
Гал нь шороог олвоос алтыг бүтээж, ус нь шороог олвоос модыг ургуулж, шороо нь 4 цагийн эргэлт, таван махбодын амь учир, шороог алт ус хоёроос салгаваас сүйрэл дууддагыг мэддэг малчид зурхайчид биш гэж үү.
Чонын үүрэнд ч хутагтай ордоггүй нинжин сэтгэлтэй, эцгийн долоон дээд эцгээс гүн удамшилтай, эхийн гурван дээд ээжээс гүн уламжлалтай, наран саран сүүнээс эрчимхүч авсан, таван хушуу малаа заавал тарган сүүлтэй адуулдаг малчдыг биологчид гэх үү, оюун билиггүй гэх үү.
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатааж, дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж иддэг, шөлтэй хоолоо таргаар амтлахаа мэддэг, давс нэг эрдэмтэй ерэн есөн гэмтэй, хужир нэг гэмтэй ерэн есөн эрдэмтэйг мэддэг, хужрыг тосон, шороон, мөсөн хужир гэж ялгаж, тосон хужирыг өвөл, хавар малдаа өгдөг, хужрыг “турахын цагт тушаа, таргалахын цагт ташуур” гэж сургадаг, чанасан махыг гургалдайнаас эхэлж идвэл хураан авч ёс журам мэдэхгүйг нь ойлгуулж ичээдэг малчдыг хоолны соёлгүй, малын дөргүй гэх үү.
Үгээр биш, үйлээр дүүрэн, мөнгөөр биш, сэтгэлээр баян байдаг малчдын ТХМ нь ачтай буянтай өчигдөр, азтай золтой өнөөдөр, одтой олзтой маргааш байдгаараа гурван цагийн эргэлтэнд мөнх амьдардаг малчдыг ирээдүйгүй, хөгжлийн туйлдаа хүрсэн, цааш хөгжих боломжгүй, хоцрогдсон хэмээн цэцэрхэгч зарим эрдэмтэн мэргэдүүдтэй санал зөрж байгаагаа илэрхийлж бичиж байнаа.
Малынхаа буянаар бид дэлхий даяар олонтоо тохиолдож байсан эдийн засгийн хүнд хүнд хямрал, өлсгөлөнгийн сүйрэлийг үзээгүй, Манжийн дарлалд 200 гаруй жилд ч өлсөөгүй шүүдээ.

Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг уламжлал зөвхөн малчдад хадгалагдаж байна даа. НИ,СИ хоёрыг шинжлэх ухааны хэлээр илэрхийлвэл НИ-динамик систем буюу урсгал ус гэвэл СИ-статик систем буюу цөөрөм, шалбааг аажимдаа ширгэж, ялзарч намаг болдогтой адил СИ-ийн хүний хөгжил мөхөл рүү ойртож явнаа.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” хэмээн ухаарагчдийг наймаачин, “өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” хэмээн сэтгэгчдийг төрийн хүн гэж ялгаж чаддаг малчид төрөхдөө наймааны ухааныг өвөртлөөд төрдөг учраас суурин иргэншлийнхний ажил, амьдралын эдийн засгийн үндэс зах зээлд амьдрахын үндсэн арга- бизнесийн ухаанаа зааж сургах гэж битгий цаг, хөрөнгөө зар, харин тэднээс суралц, малдаа мөнгө зарахгүй өсгөөд чаддаг шигээ та нараас тэд мөнгө нэхэхгүй. Тухайлбал МУ-ын гавъяат эмч, доктор, профессор, Элэгний гэж монголд байтугай дэлхийд бүтээл нь алдаршсан М. Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй” бүтээлийн 93-р хуудсанд “Нэг хонины сүүлийг хэрхэн таван хонь болгосон тухай” эсээг уншаарай, танд нэгийг ухааруулна.

Малыг малчдад өгсний гавъяа их ээ

Монгол хүн малынхаа буянаар: 1. Бүх насны турш ажилтай, дөрвөн улиралдаа тохирсон цэвэр ус, цэвэр агаар, цэвэр хөдөлгөөн, цэвэр үнэр, цэвэр хоолтой, 2. Оюуны болон сэтгэлийн сэвгүй, гэрлэн бие нь сэвтдэггүйгээр, зурхайн ухаанаар амьдардгаас өөрөөр хэлбэл шинжлэх ухаанчаар ажиллаж, амьдардагаараа суурингийнхаас ялгагдана. Малаа хариулж явахдаа үргэлж бясалгал хийж явдаг учраас малтайгаа хүйн холбоо тогтдог, шинжлэх ухааны хэлээр бол хоёроос доошгүй үл мэдэгчтэй тэгшитгэл бодож нэмэх хасах хариунуудыг тайлбарлаж амьдралдаа хэрэгжүүлж байдаг, жишээлбэл малаа өсгөхдөө хөршүүдийн малаас ялгарч байхын тулд зүсээр эсвэл хийц галибараар манайх гэсэн онцлогыг хадгалуулж өсгөдөг. Өөрөөр хэлбэл магадлалын онолд нэвт боловсорсон, амьд ертөнц од эрхэсийн учрыг олж ухаанаа уралдуулж амьдардаг улс ганцхан нүүдэлчид юм. 3. Монголчууд таван махбодын онолоор хий махбодтой учраас амархан бузартдаг, урсгал усны хор гарсан хойно долоон сард голын усанд ордог, хэдэн жилээр ч усанд орохгүй байхад өвчлөхгүй, гэтэл нүхэнд байтугай байшингийн бам чийгэнд бамтаж хөл гарын үеүүд нь хавдаж чийгтдэг энэ мэт биоэкологийн онцлогыг ялган ухаарахгүй хүчээр усан болон шороон махбодтонтой адилтгаж усанд ордоггүй бүдүүлэг, түүхий мах иддэг, малаа дагасаар маанаг болсон, хөгжилд саад болж байна, хурдан суурыпилд оруул хэмээн цэцэрхэж байгаа эрдэмтэд бэлчээрийн мал, тэжээлийн мал хоёрын ялгааг хоёр талаас нь харахгүй зөвхөн тэжээлийн малын талаас нь сэтгэж, бэлчээрийн малыг хоршоо маягаар нэгтгэх, суурыпилд оруулна гэж Ерөнхийлөгчийн “мянганы хөгжлийн бодлогод ч оруулсан, үүнийгээ мачдын нийгмийн бодлогын хөтөлбөрөөр батжуулах гээд байгааг УИХ-ын зарим гишүүд тухайлбал Амаржаргал гишүүн эсэргүүцэж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн билээ.
Э. Бат-Үүлийн өдрийн сонинд өгсөн “ Бид дөчин мянгатынхан” гэсэн ярилцлагадаа” мэдээж хэрэг бид монгол хүүхдийн хэв шинжит дүрд гардаг шиг чулуугаар гэр барьж тоглож байгаагүй, байрныхаа дэргэд окоп ухаж байлдаж, золбин нохой тэжээж тоглож өссөн” гэж ярьснаас бид адилхан хүн, бидний өссөн орчин өөр учраас тэрнийгээ дагаж амьдардаг гэснээс окоп ухаж, золбин нохой тэжээснээр хотынхон соёлтой, байгалиа дагаж чулуун гэр барьж, хурга ишигтэй тоглож өссөнөөрөө та нар соёлгүй, биднийг дагаж амьдар гээгүй, нисдэг нь нисдэгээрээ, мөлхдөг нь мөлхдөгөөрөө хүн амьдрах жамтай юм. Мөлхдөгийг нисдэг болгох гэдэг онол нь коммунизм, өөр өөрийнхөө замаар хөгждөг нь зах зээлийн хууль бололтой.
Малыг малчдад өгсөн нь нийтийн өмчийг хувийн өмч болгож, аж ахуйн олон хэвшлээс татгалзсан, социалист хэвшлээс капиталист хэвшилд шилжсэн ардчилсан хувьсгал юм. Үүний хүчинд Монгол улс ахар богино хугацаанд зах зээлд шилжсэн, хот хөдөөгүй өрх айл бүр амьдрал нь сайжирсан, эр эмгүй машинтай, мотоциклтэй болсон, хотынхон орон сууцтай, хөдөөнийхөн таван хушуу малтай болсон. Монгол улс зах зээлд шилжсэний хамгийн том гавъяа нь хүчээр устгаж байсан нүүдлийн соёл иргэншлээ буцаан авч, суурин соёл иргэншилтэй хослуулан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэнд оршино. Үүнийг буцааж хүчээр ССИ-д хөрвүүлэх бодлогыг БМАА 20 боть цуврал номондоо нүүдэлч малчдын нийгэм-эдийн асуудлыг хоршоолол, нэгдэл гэдгээ нэрий нь суурыпил, тосгонжуулах нэрээр сольж агуулагыг хэвээр дахин сэргээхээс өөр зам байхгүй гэсэн “онол” дэвшүүлж байгааг Би эсэргүүцдэг юм.
Харин бид амьдралын алтан дундаж дээр оршин тогтнох чадвар муутай, алтан дундажаас үргэлжид дээш, доош савж байдаг нь байгалийн эрхшээлд зохицож амьдардагт оршино. Монголчууд жалга довоороо ялгагдаж байдаг нь амьдарч байгаа байгалтайгаа зохицож, ажил амьдрал нь үргэлжилж байгаагаас биш, бүдүүлэг хоцрогдсных бишээ.
Дашрамд тэмдэглэхэд малчдын хүүхдийг зургаан наснаас нь сургалтанд хүчээр хамруулдаг ч төдий л оновчтой биш бодлого, төрийн харанхуй дээрээсээ түмэний харанхуй доороос гэдэг энэ бөлгөө. Үүний буруугийн учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах чадал, мэдлэг байвч, хичнээн үнэн үг хэлэх цаг хугацаа, орчин нь бүрдээгүй үед хэлбэл өөрийгөө гутаадаг, доромжилсон болж хувирдагыг их хурлын гишүүд болон ерөнхийлөгчдийн сонгуулийн үйл явцаас ойлгов. Түрүүлж дуугарсан хэрээний хошуу хөлддөг, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр эсвэл хэт шудрага тэнэгийн нэг хувилбар ч гэж хэлдэг гэгчээр цэцэн хүн болох гэж дутагдлын дэргэд дуугүй сууж байгааг минь бурхан л мэдээгүй байгаасай хэмээн залибирая.
Малчдын хүүхдийг зургаан наснаас сургуульд хүчээр суулгах нь малчин уламжлалын үрийг тасалж, малаа мэддэггүй, махчин мангасуудын уурхай бэлтгэж эхэллээ. Товчоор тодорхойлбол “морио босоогоороо унтахыг далайн таталтын хүч, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлтийн хүч” гэж ухаардаг холч ухаантай монголчуудыг сэтгэлд нь сэрх үхүүлж, ухаанд нь ухна үхүүлэхээс өөр юу ч бодох чадваргүй, дээшээ харж идэж, доошоо харж тонгойхоос өөр юу ч хийх ажлын чадвар дадлагагүй, дээрээн шүдтэйгээс үхэртэй адилхан болгож “бага үндэстэн их үндэстэнд уусаж живээд мөхөж үгүй болдог” зам руу дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж яваагаа үл мэдэгч ард бид буруутай ч “үндэстэн өөрөө өөрийгөө мөхөөх” сонгодог аргыг сонгосон, дээрэмдэж олсон мөнгөөрөө худалдаж авсан эрхтэй тушаалтануудаар бариулсан төрийн буруутай үйл ажиллагаанаас илүүтэй хамаарч байна. Төр баригчид нь авилгад автагдсаныг илэрүүлж, авилгалчидтай тэмцэнэ гэж гарч ирсэн ерөнхийлөгчийн юу хийж чадхыг харах цаг болсон нь тавьсан саналаа биелэх боломж нээгдлээ хэмээн үзэж байна.
Оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньж хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх үедээ хийж чаддаг, эрийн сайнаар, малын буянаар амьд хоол, ундаа хүртэж, агт морьд армаг хурдан хүлэгээр аадан хөөж, дугуй сүүлт дун цагаан хониор алд биеэн хувцаслаж, өвчин эмгэгээ илааршуулж, дөрвөн улирлын туршид цагаан-улаан хоолоор тасардаггүй, дугуй дөрвөн ханан дотор амьдын жаргалыг эдлэж амьдардаг монголчуудыг бусдын буяныг хуваалцаж, амьгүй хоолоор гэдсээ түгжиж, амьгүй ус ууж, “барьж үзэх биегүй, барьж шийтгэх эрхгүй, дорго шиг ээнэгшүүлж байгаад залгидаг эгдүүтэй амьтнаар” бие сэтгэлээ тэжээж, шавар нүхэнд бам чийгэнд баригдаж, ДОХ-оор цэнгэж, баараар цаг заваа барж, шаваарлалддаг амьдрал тулгах гэдэг жаргал гэж үү.
Орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэрч, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ухаарч байгаль экологио хайрлаж, хадгалж, элээлгүй хойч үеийнхэндээ үлдээн, зөв амьдрахын замыг засаж, төрлөх монгол хэлээ өдөр бүр баяжуулж, ухаарч амьдардаг урт ухаант монголчуудыг маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэсэн сэтгэхүйгээр, байгалийнхаа баялагыг бэлэнчилж хөнөөж, төрлөх хэлээ архивлаж, зүгээр сууж, зөөлгөж идэж, сүнс нь хорогдох бүсгүй, биеэн байтугай нуудгайгаа хаах алгын чинээний ч нэхийгүй, шавар нүхэнд ам нь бардан, нууц нь шалдан амьдралыг ирээдүй хойчийн үр удамдаа авчирч, үлдээж байгаадаа гутрах юу ч билээдээ, төрийн төлөө огтоно гэгчээр түмний төлөө миний санаа зовох ч юу билээ хэмээн бодовч түм нэгээс эхлэдэг, төрийг ганц хүн барьдаг болохоор төрийн түшээддээ сонордуулж байнаа, үгүйдээ хойч үе маань бидний төлөө ганц ч болов боддог хүн байжээ гэж бодуулахаар бичиж үлдээж байна.
Хөх ногооны униар үнэрлэж, хөрст дэлхийн шимийг хүртэж амьдрах хувьтай заяасан нүүдэлчин монголчууд бидний хувь заяа арай ч завагт бүр мөсөн нуугдахгүй, удахгүй ил гарч ирнэ гэдэгт итгэнэм Би.
Говийнхоныг урт ухаантай гэдэг : 1.Хангайн хүн говийн айлд очоод танайхны мал газар тонголзоод ам нь хөдлөөд байх юм, нүдэнд үзэгдэх өвс алга юу иддэг байнаа гэхэд тонголзоод байдаг нь лав л газарт мөргөөгүй байх, ам нь хөдлөөд байдаг нь лав л маань уншаагүй байх гэж хариулсан нь . . . 2. Уртын дуу, морь уралдах, бөх барилдах зан үйл говиос гаралтай. 3. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шарын шашины хэлмэгдүүлэлтээс говийн эмэгтэйчүүдийг аварч гарсан гавъяаг үл мартана.
Өрнөдөд хонийг тэнэг амьтан гэдэг бол монголчууд сүргийн маналай хөх нүдэн хонио тэнгэрт даатгаж сэтэрлэдэг, сүргийн сор шар халзан иргээ хүндтэй зочинд бэлэг болгон барьдаг. Малын сор манхан халзан хониныхоо төөлэйг бурханд өргөдөг. Хараадаггүй, оюуны чадавхаар хүнээс давуу 50 айку гэж эрдэмтэд нотложээ. Өнөөдөр хониор боодог хийж, мөнгө цаасны оронд зарлагадаж ямааг ямбалуулж явсаар их удахгүй хонь гүй орон болоход ойртсоор байна гэж их эрдэмтэд бичиж байна.
Дугуй сайхан сүүлтэй, дуграг хоёр эвэртэй, дун цагаан хонио, дурсах хөшөөгөөр соливол нүүдлийн монгол суурин монгол болж, цагаан-улаан хоолтноос ногоон-улаан хоолтон болж, бүстэй хувцасаа бүсгүй хувцасаар сольж, хөх толбоо өл халзнаар сольж, хий махбодоо шороон махбодоор сольж, байгаль экологоо сэргээж тэтгэдэг амьдаралаа устгаж амиа зогоодгоор сольж, амьд хоол, ундаагаа амьгүй хиймэл хоол ундаар сольж, эсгий туургатнаа шавар туургатнаар сольж, хувь тавилангаа даатгадаг, даадаг морио, амиа алдах эрсдэлтэй төмөр мориор сольж, өөрөө өөрийгөө тэжээдэг амьдралаа, өрөөл бусдаас хараат болгож, яруу сайхан монгол хэлээ, наймааны англи хэлээр сольж, төвд тэмүүлэх хүчний амьдралаа төвөөс зугтах амьдрал руу эсвэл хонин амьдралаас ямаан амьдрал руу шилжүүлж ертөнцөөс өөрсдийгөө цэвэрлэж буйгаа хүн төрлөхтөн, түүний дотор өнөөгийн монголын үр сад мэдрэхгүй сэрэхгүй байгаад харамсах юм.
“Үнээний шим арвин , хонины ашиг их”, “Ямаа өсвөл малгүй болохын ёр, байвал эвэргүй мухар ямаа өсгө” гэж монгол ардын аман хууль байдаг. Ямаа өсвөл хонь хорогдоно, ямаан толгой ямбанд ордоггүй бол зах зээлд ямаа ямбанд орлоо, ямаа хаврын яргуй, хэнз ногоог хонины аманд ч хамарт ч хүртээдэггүй. Тэгж овоо тарга аваад байтал зуны халуунд тэсч чадалгүй түүнээ урсгачихдаг, тэр ч байтугай говийн үдийн пүү халуунд ганц орилоод үсэрчихдэг, голын хүйтэн усанд дүрвэл сэхдэг тохиол бий. Өвлийн хүйтэнд хонины нөмөрт хоргодож илчинд нь биеэ дулаацуулж амиа хоохойлдог амьтан. Тийнхүү хонины буянгаар өл залгуулж амь зуудаг ямаа олшроод ирвэл “сайн нь муу болж муу нь сайн болдог” хос хууль энэ тохиолдолд үл биелэх тул ямаанаас болж цөлжсөн улс орон энэ дэлхийд хэд хэд дуулдах юм. Ядахдаа эвэргүй мухар ямаа өсгөх аян монгол даяар зохиоё.
“Өөдлөх айлын хот нь цайрдаг бол уруудах айлын хот нь бараантдаг” нь физикийн хуулиар хонь төвд тэмүүлэх хүчний үйлчлэл дор цугларч байдаг, ямаа төвөөс зугтах хүчний үйчлэлд дор задарч байдгийг сургасан байна. Үүнийгээ батлаж, хонины хот гэхээс ямааны хот гэдэггүй эсвэл ямаа гурав ихэрлэвэл гурван хүүхэд уралдуулж, хоцорсон хүүхдийн ишгийг алдаг, гэтэл хонь гурваар ихэрлэх нь ховор, ихэрвэл хонь өсөх нь гэж баярлаж, ханандаа зууравч нэмж гэрээ томсгодог монголчуудын далд мэдлэгийг бахархцагаая. Иргэл баяны 11784 толгой малаас, хонь 10478, ямаа 905 толгой хонь 88,9%, ямаа 7,6% байсан нь өөдлөхөд хот цайрна гэдгийн учрыг энээс илүү яаж тайлбарлах билээ. Энэ нь малчдын мэдлэг далд суурингийнхний мэдлэг ил гэдгийг хэлээд байгаа билээ. Өөдлөж яваа айлаас мал худалдаж авхаас уруудаж яваа айлаас авбал өсөх нь илүү гэсэн аман хуулийг мөрддөг, эсвэл хор нь гарсан хүнээс ав гэж ахмад нь залуу үеэ сургадаг нь үг ямар үнэтэй болохыг ухааруулах мэт, эсвэл хүн хэлээр тэмээ тэнгээр буюу хэлний үүрэг ямар агуу болохыг ойлгож болно. Эндээс малчин мал хоёр хүйн холбоотой төдийгүй төр мал хоёр хүйн холбоотой хэмээвээс :
Өнөөдөр монголын мал бүхэлдээ цайрах биш улайраад байгаа нь мал гүй болохын муу ёр төдийгүй төрийн хямрал ихсэхээс багасахгүйн баталгаа болж байнаа. Тэгвэл хонины хот цайрсан цагт монголын төр хямралгүй, түвшин болно гэсэн онол дэвшүүлж байна, сөрөх чадвартай аавын хүүхдүүдийг уриалан дуудаж байна.
Халуун хушуутай малын жороог малчид сайны бэлэгдлийн шинж гэж үздэг, тухайлбал жороо хонийг өсөхийн бэлэгдэлтэй гэж адууныхаа жороог хонин ба тэлмэн жороо гэж ялгадаг. Гэтэл хүйтэн хушуут малын жороог нэг их сайшаадаггүй. Хүйтэн хушуутай жороо мал, сайвар хүнийг ч салгалаад, хоёр тийшээ савчаад буянаа барсан өөдгүй гэж үздэг. Тиймээс жороо үрээгээр азарга тавьдаггүй нь тэнэгийнх биш цэцэнийх, энэ нь малчид боловсролгүй биш, гүн боловсролтойнх гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. “Гучин гурван шарга” дуунд гурваас бусад нь жороо гэсэн нь 33 л жороо байж яагаад болдог гүй байнаа? Үүнийг л монгол гүн ухаан гээд байгаа юм.
Энэ мэтээр монголчуудын бэлчээрийн мал маллах технологийг тэжээлийн мал мэддэг, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нээж чадахгүй, харин М. Төмөржав, Л. Түдэв, О. Шагдарсүрэн, Н. Эрдэнэцогт зэрэг цэвэр монголоор сэтгэдэг, малчны хотонд хонь хариулж өссөн хүмүүс л ойролцоогоор ухаарч бичхээс тэр технологийг баяжуулан бүрэн агууллагаар нь уудлан шинжлэх ухааны үүднээс нэгтгэн дүгнэж, баяжуулан бичсэн сод эрдэмтэн гарын таван хуруунд багтана гэвэл хэтрүүлгэ үү, бодит үнэн үү.

Цагаан хоолтон болох хөдөлгөөн Монголчуудын хооллох дэг жаягаас . . .

Хорвоо ертөнц буюу бурхан монголчуудыг цагаан-улаан хоолтоноор заяасан тул жилийн 12 сарын 9-н сард нь цагаан хоол, 3-н сард нь махан хоол голлож иддэг уламжлалтай билээ. Энэ хоолоо таван хушуу малаасаа хүртэж, элбэг дэлбэг юугаарч дутахгүй өрх бүр биеэн даасан бичил улс болон аж төрж амьдардаг. Эрчүүд 50-н нас хүртэл хонины нарийн махаар шөл хийж уух цээртэй, ер нь мах идэх насны болон хүйсний ангилалтай. Нөхөр чээжний, эхнэр бөгсний, хүүхэд дайвар буюу булчинлаг, хатуу гүтүүг иднэ. Тухайлбал толгой шийр чанахад толгойны дээд талыг нөхөр нь, доод талын эрүү хэлийг эхнэр нь чих идвэл сонор болно гэж хүүдээ чих, үйлэнд уран болно охиндоо тагнай өгөх ба шийрийг хувааж өгнө, шөлийг бүгд ууна. Энэ мэт нарийн хувиартай, ахмадуудыг мах ид гэхгүй зооглоно уу гэж хүндэтгэлтэй үгээр хэлнэ. Шөлөөр цадаж, төлөөр баяждаг аман хуулиар олон мянган жил амьдарсан. Гэтэл социализм, ардчиллын “буянаар” жилийн туршид махан хоол иддэг болсон нь хооллох горим бүрэн алдагдсан, үүнийг дагаад ёс суртахууны доголдолд бүрэн оржээ. Эрдэмтэд нь хүртэл монголчууд хоолны соёлгүй гэж дэлхийд зарлах болтлоо хоолны соёлоо архивлалаа. Төгс гэгээрсэн их багш Чин Хай монголчуудын махыг хэрхэн хэрэглэдэг байсан энэ нарийн дэгийг ухаарч “дэлхий даяараа цагаан хоолтон болцогооё” гэж хүн төрлөхтөнийг уриалан дуудаж, энэ урианы учрыг ойлгосон олон мянган монгол иргэд цагаан хоолтон болж байгаа нь дэлхийг хүнсний хомсдолоос гаргах нэг сонгомол арга ч байж магадгүй. Эндээс монголчууд бид хоолны соёлоо аль хэдийн алдснаа буцааж авах нөр их хөдөлмөр бие сэтгэлээ зориулж байна, буруу замаар будаа тээсний гай гэхээс өөр юу гэж хэлэх билээ. Цагаан хоолтон болох уриа манай дээсийн хүрээлэнгийнхэнд хүрээгүй учраас хотын дарга маань ногоон бүсэд мал байлгахгүй гэсэн тушаал гаргасныг дүүрэг, хороодын мяндагтангууд ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхгүй, сөрөх чадваргүй, тэдний гар хөл бологчид учраас цагдаагаар түрий барин өдөр шөнөгүй хөөж байгаа нь “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” сургаалаар бидний өшөөг их багш Чин Хай нэг мөсөн авна гэдгийг сонордуулая. Монголчууд чинь нас ахих тутам махаа багасгаж цэвэр агаар, цэвэр үнэр, сүүтэй цай гол хоол нь болдог уламжлалтай учраас хотын өвгөд хөгшид хотын зах бараадаж ганц хоёр үнээ тэжээдэг юм шүү.
“Монгол хүн хий махбодтойгоос гэрлэн бие нь шавар ханан дотор амархан бохирддог, энэ мэт элдэв бохирдлыг өрхөөр орсон салхийг зулайгаараа авч сүүжний нүхээрээ гаргаж байж ариусгадаг” нууцыг Би анх удаа сэтгэж, бичиж байж ч магадгүй.
Энэтхэгт яагаад үхэр хотын дархлагдсан амьтан байхад Улаанбаатарын ногоон бүсэд үхэр байж болдоггүй байнаа? Энэтхэгийн хотуудын дарга нар тэнэг, улаанбаатар хотын дарга нар ухаантай болж байна уу? ССИ-ийн ууган орныхон гуйлгачин болсон ч үхрээ хүндэтгэж байхад НСИ-тэй дэлхийн ганц орон үхрээ ад үзэх гэдэг төрийн харанхуй дээрээсээ гэдэг л болж байгаас биш, одоо яахав дээ хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай байдаг хойно гэж бодохгүйгээр та бүгдийг эсгий туургатны малчин заяа чинь түшиж яваа болохоос шороон туургатны тариачин заяа түшээгүй учраас малаа битгий гочил, заяа чинь туйлж зам мөрд чинь сэв сууна гэдгийг сануулъя.
Заавал үхэртэй байя гэж зүтгэхийн учрыг өөрийн биеэр хүртсэн ганц нэг жишээгээр тайлбарлая: 1. үхрээ хэвтэрт нь шээлгэхүйн тулд эрт босож, өвлийн байрнаас нь гаргаж, тэжээлий нь өгч саах бэлтгэл ажилуудыг хийж дууссаны дараа саана. Эх туглыг нийлүүлнэ, салгана, бэлчээрт гаргана, хариулна, орой дахин энэ ажлыг дэс дараалан хийнэ гэх мэтээр өдөржин хөдөлсөөр шөнийн бор хоногт л амарна. 2. малын тэжээл үнэтэй болсон сүүлийн жилүүдэд үхэр бүр өөрийн үнэ өртөгөө жил бүр идчихдэг учраас эдийн засгийн хувьд ашиг олдоггүй юм. Малтай байх нь сэтгэлийн тэжээл, эрүүл мэндийн хувьд л нас нэмдэг буюу өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг юм.
Үхэр тухайн орон нутагт орох хур бороо, цасан болон шороон шуурга болох зэрэг цаг агаарын үзэгдлийг мэдхээс гадна хир зэрэг гай авчирахыг эзэндээ илэрхийлдэг юм. Үхрийн гайхамшигийг “Монгол малын шинжийн судар” номноос уншаарай.

Оньсого таах-тоо бодох хоёр адилхан ...

Монгол хэл бол нүүдлийн соёл иргэншлийн үндсэн хэл мөн
“Ээрэм талын мангас эр эмгүй сахалтай тэр юу вэ”? гэсэн оньсого нь ямаа Монголыг байтугай энэ дэлхийг бүхэлд нь цөлжүүлнэ, тийм учраас чигчий бүүвэй хочтой чигчий хуруу шиг жижигхэн буюу цөөхөн, эвэргүй байх ёстой тэхдээ чигчий хуруу зүрхийг төлөөлдөг учраас таван хушуу малын зүрх болон ТХМ-д заавал багтах ёстой, мөн дурангийн бол фокус тохируулагч гэж энээс өөрөөр яаж уран хэлэх вэ? эр эмгүй сахалтай нь бусад амьтанаас ялгахын тулд бурханаас өгсөн таних тэмдэг гэж цэцэрхэхээс учры нь тайлж мэдэхгүй байна. Таахаас тэмээ ямааны сахлыг зээлж авсанаас хүйтэн хошуут малын ангилалд орсон гэлтэй. Ямаа тэмээ хоюул сэжэгч, цэвэрч амьтан учраас амных нь алчуурыг эрүүнд нь хадаж өгсөн, түүнийг оочин сахал гэдэг гэвэл цэцэрхийлэл үү, хошигнол уу.
Хүйтэн хушуут мал зүг бүр тийшээ задарч идээшлэдэг нь төвөөс зугтах хүчний үйлчлэл дор амьдардаг атал халуун хошуут мал бөөгнөрч төвд тэмүүлэх хүчний үйлчлэл дор амьдардаг. Үүнийг амьдралын туршлагаар амархан батлаж болно: олон адууг азрага азрагаар нь нэг дор бөөгнүүлэхийг хураах гэдэг бол олон тэмээг зөвхөн нэг талаас нь нэгий нь нөгөө дээр нь авчирах аргаар бөөгнүүлхийг цуглуулах гэнэ. Энэ нарийн технологийг малчид л мэдэхээс суурингийн эрдэмтэд ч номын буянаар мэдэрч чадахгүй. Энэ технологийг мэдэхгүй, адуу шиг буур буураар нь хураавал хоёр дөмөгхөн морьтой явсан ч тэмээгээ хураах байтугай, орой морьдоо зогсоочихоод, эмээлээ үүрээд ирэх тохиол бий. Эндээс малчид чинь мал дагадаг маанаг байна уу, малаа удирддаг технологчид байна уу гэж төрийн түшээд, бэлчээрийн малыг тэжээлийн малаар солихыг сурталчилдаг эрдэмтдээс асуумаар байна. Хураах цуглуулах гэдэг хоёр үгийн ийм нарийн утгын ялгааг Малчдын гүн ухаанаар тайлбарлахаас суурингийнханы гүн ухаанаар ялгаж үл чадна. Далд мэдлэг гэж энэ мэтийг ойлгоно. Эндээс монгол хэл бол нүүдэлчдийн сонгомол хэл учраас бэлчээрийн малаа суурыпилд шилжүүлбэл монгол хэл мөхнө.
Хэлнийхэн, зохиолчид хэл устлаа, хэлээ сайн сур, устах ёсгүй, монгол хүн л байсан цагт монгол хэл байх ёстой гэж хоосон онолдохоос хэлнийхээ амьдрах орчныг бүрдүүлж байж л хэлтэйгээ мөнхрөхөөс, орчин нь уствал хэл мөхнө гэдгийг өвөр монгол, буриад монголын монгол хэл аль хэдийн архивт орсныг санагтун. Эндээс ганцхан хариу гарч байна. Тэр нь бэлчээрийн мал байвал малчин байна, малчин байсан цагт монгол хэл амьдрана.
Хүн мөнх бус ч удам угсаа мөнх гэхийг нүүдэлчид “Торго нь элэвч, товч нь тасрахгүй” гэж дээл хувцастайгаа зүйрлэснийг суурингийнхан тайлахад тун хэцүү. Нүүдэлчид тайлхын тулд таагч: элэх гэдэг чинь удаан хугацаагаар эдлэнэ гэсэн үг буюу “эд мөнх, эзэн хэврэг” гэгчээр торго гэдэг хүн байх нь дээлийг хүн л өмсөж элээнэ биздээ, тэгвэл хүн элнэ гэдэг чинь үхнэ гэсэн үг юм бол уу, дээлийг хэн өмсдөг билээ, зөвхөн нүүдэлчид, нэг хүн хэдэн дээл элээдэг билээ, улирлын аяар хэдэн төрөл билээ. Аав ээжүүд ах эгч нарынхаа шинэ дээлийг ч өмсөж сонжихийг ч бас өмсөх дээлийн чинь тоо дуусчихна гэж цээрлэдэг ёс ч ямар учиртай билээ, дээлийн шинэ нь дээр, хүний хуучин нь дээр гэсэн зүйрлэл ч бий, тэхээр хүн үхэвч гэж, гэтэл товч нь тасрахгүй гэснийг тийм амархан олохгүй ер нь оньсогыг бүтэн оройжингоо бодоод олохгүй, хэдэн хоногоорч бодсны дүнд садан төрөл тасрахгүй гэж таах жишээтэй. Оньсого таах урлаг бол монголчуудыг бясалгалд сургадаг, юмс үзэгдлийн мөн чанарыг олоход сургадаг, аливаа юманд ухаарч хандахыг сургадаг, бушуу туулай борвиндаа баастай эсвэл буурьтай хөдлөхийг сургадаг, орчин үеийн ойлголтоор оньсого нь хүнд хөнгөн өгүүлбэртэй бодлоготой адил, эцэст нь таагчийн тархины айкуг хөгжүүлдэг бололтой.
Малчид бясалгалын ачаар л 1000 цагаан хонийг зүсээр ялгаж, хамгийн багадаа 500 хонь хоёр долоо хоногийн дотор төллөнө гэхэд нэгч хургыг солихгүй эхий нь олгохоос гадна энэ тэр хонины хурга байна гэж хараад шинж төрхөөр нь мэддэг, гэтэл уригдаж очсон төлчдийн хөглөсөн тухай хөгтөй яриаг олонтоо сонссондоо.
Алдсан бод малаа мөрөөр нь хөөж, хэдэн зуун километр газар мөрдөж олсон, олхыг шахсан тохиол олонтоо сонсогддог. Энэ шинж ажигч гярхай төдийгүй, ямар их тэсвэр тэвчээртэй, ёстой л хал үзэж, хашир суусны баталгаа бизээ. Өөрийн малын мөрийг бусдынхаас ялгаж биеэн дааж сурна гэдэг ямар их бясалгал, ажиглалт хийж, миний хэлэх дуртай үг малчдын мал нь “багш” гэдгийг нотлож байнаа.
Ер нь малчдыг бясалгалчид гэж ойлговол тэдний ур ухаан, амьдрах аргыг зөв ойлгоно бизээ. Сайн лам болхын тулд хэдэн сараар ууланд бясалгал хийж суух эсвэл 33-аас доошгүй булаг шандын ус амсаж, олон газар орноор олон хоногоор бадарчлаж, төрсөн орчноосоо тусгаарлаж, дээд төрхөмдөө очдогтой адил хонь хариулсан хүн өдөр бүр 8-12 цаг хоньтойгоо харьцаж, хониноосоо сахил хүртэж, баясгал хийж явдаг учраас гэрлэн бие ариусаж, махан бие нь эрүүлжиж урт насалдаг.
“Найман хагас аягатай, дөрвөн сайхан тулгууртай, усан хоёр дэнлүүтэй, ургаа хоёр модтой, батгана хөөх гүвүүртэй, бамбуу тэжээх будаатай” хэмээх оньсого шиг мөр бүр нь гүн утгыг илэрхийлсэн зургаан мөрт шүлэг зохиосон яруу найрагчид хир олон төрвөө. Мөн ч цөөхөндөө.
Салаа туурайтан гэдгийг найман хагас аяга гэж, аяга гэдэг нь дээшээ харсан сав шиг гэж уран хэлжээ. Үхрийн туурай шиг хагардаггүй аягыг хүн төрлөхтөн бүтээж чадсан болуу гэж бодох зуур туурайгаар баяжих боломжтой гэж уран сэтгэмж төрснийг олон түмэн уншигчид, суусан газраасаа шороо атгагчдын сонорт хүргэе.
Дөрвөн тулгууртай гэдэг нь хүн биш мал гэдгийг, усан хоёр дэнлүүтэй гэж амьтан бүхэн нүдтэй, нулимастай ч бусад амьтнаас ялгаж, ус л харвал заавал очиж уудаг, усанд нугасгүй дуртай амьтан гэдгийг хэлсэн гэвэл сохор үхэрт ус бүү үзүүл гэж сургахтай адил буюу үхэр ер нь цангаж үхсэн амьтаны сүнс байх нь ээ гэж бодогдох.
Ургаа хоёр модтой гэдэг нь эвэр нь биеэ хамгаалхаас гадна, модонд насны тоогоор үе дотор талд нь үүсдэгтэй адил тугалах тоолонгоор эврийн гадна талаар үе нэмэгдэж үеийн тоогоор хэд тугалснаа тайлагнаж байдаг, сувайрсан бол үеийн хоорондох зай 2 дахин өргөн байдаг, тэхдээ эвэр нь эр үхрийнхээс урт гүй мөн 40%-иар хөнгөн нарийн байна. Үүнийг модны насыг үеийн тоогоор тогтоодогтой адилтгаж ургаа мод гэжээ. Модны дотор талд голоо тойроод насны тоогоор үе ургадаг, тугалсны тоогоор эврийн гадна талд үе ургадаг, үүний биоэкологийн нууцыг олохсон. Мод насны тоогоор бүдүүрэхгүйтэй адил эвэр ч мөн бүдүүрэх буюу уртсахгүй. Үхэр 12 жилийн өнгийг тодорхойлдог увьдасын нэг нь өөрийгөө хэд дахин хувилснаа тэмдэглэж үлдээдэг ид шид гэлтэй.
Сүүл нь гоёл төдийгүй урт байдаг нь бөгсөн биеийг өт хорхой, ялаа шумуулаас найдвартай хамгаалахын тулд хоёр тийшээ 120 градусаар үргэлж л шарваж байдгийг илэрхийлж батгана хөөх гүвүүртэй гэж, үнээний бөгс өтхийг үзсэн үү, гэтэл ингэний бөгс үргэлж л өтөж байдаг нь сүүл богинохон, зөвхөн дээшээ 120 градус, доошоо 120 градусаар гуядах зориулалтай заяаснаас батгана хөөж чаддаггүй байна. Үхрийн махны дотроос хамгийн амттай мах нь ахар сүүлны мах байдгийн учир нь үргэлжийн хөдөлж байхын тулд булчин шөрмөсгүй зөөлөн тансаг махтай байдагт нууц нь оршино.
Үхрийн баас бууц болдоггүй, хорхойны дуртай хоол учраас хорхой шавьж цугладаг, түүний нь шувуу түүж иддэг зэрэг бусад малаас ялгаатайг бамбуу тэжээх будаатай гэж уран хэлжээ. Гэтэл бусад дөрвөн төрөл малд ийм оньсого зохиосныг мэдэхгүй юм. Энэ оньсого үхэр нүүдлийн ба суурин иргэншилийн алинд ч амьдрах хувьтайг тодорхойлсон бололтой. Хар зурхайд хийн оронд модыг сонгосон нь цагаан зурхай нүүдэлчдийн, хар нь суурингийнхний зурхай гэж ялгажээ. Эндээс энэ хоёр иргэншил бие биеэсээ үл хамаарсан, биеэн дааж орших тавилантай болох нээ.
Ийнхүү аль ч иргэншилд амьдрах хувьтай малыг хот бузарлалаа гэж хотын даргын хотын төвд, тэрч байтугай хотын ногоон бүсэд мал байлгахгүй тухай захирамжаа шинэ ерөнхийлөгчид өгч урж хаяулахыг малтай иргэд, сүү тарагаар гэдсээ цайлгадаг өвгөд хөгшид, хүүхдүүд шаардаж байгааг хотын удирдлагад хүргэсэн боловч илжигний чихэнд ус ч хийсэн, тос ч хийсэн сэгсэрдгийн үлгэр болов.

“Монголын бэлчээрийн мал аж ахуй” 20 боть цуврал бүтээлд хошуу нэмэрлэхүй

Монголын хөдөө аж ахуй бол хотынхоныг тэжээдэг эсвэл хотынхныг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангадаг эсвэл хот сууринг дагсан мал аж ахуй бишээ, Бэлчээрийн мал аж ахуй нь биеэн даасан, нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнох үндэс болсон мэдлэгт тулгуурласан эдийн засгийн бодлогоор бүтээгдсэн, монголчуудын оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн бүтээл, дэлхийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан хувь нэмэр, хаягдалгүй технологиор эцсийн бүтээгдэхүүн болтлоо иж бүрэн механикжиж, автоматчилагдсан, улирлаар технолог нь солигддог, өдөр шөнөгүй, тасралтгүй ажилладаг, эзний үйл ажиллагаанаас хамааран жил бүр өөрөө нөхөн үржиж байдаг “амьд үйлдвэр”, товчоор хэлбэл дэлхийн наймдах гайхамшиг болтлоо хөгжсөн, байгалийн хүнд нөхцөл байдалд дасан зохицож амьдрах чадвартайгаараа дэлхийд ганцаараа мөнхөрсөн юм.

Ботуудын редакторын зөвлөлийн тавьсан зорилгод “. . . МАА уламжлалт арга ухаанаас юуг боловсронгуй болгон ашиглаж хөгжүүлэх, юуг орчин үеийн хэрэгцээ шаардлагын дагуу өөрчлөн сайжруулах, МАА-гаа бүхэлд хэрхэн эрчимжүүлэх, манай нөхцөлд фермерийн аж ахуйн хэлбэрийг ямар оновчтой арга замаар байгуулах, монгол малын ашиг шимийг яаж боловсронгуй технологиор ашиглах, малчдын аж төрөх орчин нөхцлийг шинэ төвшинд хэрхэн гаргах зэрэг асуудал төр засгийн бодлого, үйл ажиллагааны төвд улам бүр хурцаар тавигдаж байна гэсэн үнэхээр малчид байтугай, монголоо гэсэн сэтгэл зүрх нь цохилж байдаг хэн бүхнийг нойрноос нь сэрээх зорилт тавьжээ. Гэвч зохиогчдийн бүтээл, бүрэлдэхүүн нь НСИ-ийн далд мэдлэг эзэмшээгүй, ССИ.ийн ил мэдлэг эзэмшсэн, цэвэр монгол сэтгэлгээгүй буюу монголоор сэтгэх чадваргүй, БМАА-н мөн чанарыг байгалийн шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухаанчаар судлаагүй, гадаадын тэжээлийн МАА-н арга туршлага дээр тулгуурлан хийсэн судалгаа, туршилтыг нэгтгэн дүгнэж өндөр цол хэргэм хүртэгсэд байгаа учраас тавьсан зорилтоо оновчтой шийдэх гэдэгт эргэлзэж байгаагаа нуух юун. Эргэлзэхийн учраа 3-р ботийн нэгдүгээр номын зохиогч “нүүдэлч малчдын судалгааны төв”-ийн тэргүүн, газар зүйн ШУ-ны доктор, хоёрдугаар номын зохиогч биологи ба хөдөө аж ахуйн хоёр ШУны хос доктор нарын бүтээл нь эсгий туургатан, шороон туургантан хоюул байж л хүн төрлөхтөн оршин тогтдогыг үгүйсгэж, эсгийг нь шороогоор хүчээр солих гэж улайран тэмцэж байгааг эсэргүүцэж энэхүү эсээ бичиж байна.

20 ботийн зохиогчид монголын өнөөгийн үеийн хөдөө аж ахуй, биологийн шинжлэх ухааныг хөтөлж яваа, шинжлэх ухаанд хийж бүтээдэгээ бүтээсэн, авдаг гавъяа шагнал, алдар нэр, албан тушаалаа авчихсан, бясалган ухаарах насандаа яваа мэргэдүүд учраас томчуудын өчүүхэн жижиг алдаа том байдаг, жижигчүүдийн том алдаа үл мэдэгдэм жижиг байдаг учраас хөндлөнгөөс хошуу дүрж, хуцах нохойд хуцдаггүй нохой саад болж байгаадаа та бүхнээс хүлцэл хүсье.

Нүүдэлч малчид гэж хэн бэ?:

Барс цагт эс босвол өдрийн явдал нь хоцордог, багадаа эс сурвал насны явдал хоцордог, өөдлөхөд санах сэрэх хоёр, уруудахад унтах идэх хоёр, унтахыг хэмнэвэл ухаан нь сэргэдэг, ундаа хэмнэвэл судас нь чангардаг. Нүдээ байхад нь үзэж, шүдээ байхад нь гамнадаг, өчүүхэн нялхдаа эхийн сүүгээр өсдөг, өссөн цагт эцгийн элбэрэлийг хүртдэг, биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээгээрээ тэжээдэг. Инээд эвтэй, ханиад ханьтай, биеэ тохижуулж байж, гэрээ тохижуул. Гэрээ тохижуулж байж, улсаа тохижуул хэмээх сургаалаар хүмүүжсэн. Тохироогүй хувцас нүдний балай, тослоогүй тэрэг чихний балай. Буртгаа угааж цэвэр болох, буруугаа хэлбэл нөхөр болох, биеийн бохир сүр дарна эсвэл заваан хүн өвдөх нь их хэмээх ахуйн соёлтой. Жаргалын дээд нь сэтгэл амар, нөхрийн дээд нь үл атаархагч. Гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш хэмээх аман хуулинд захирагдаж, энэ хуулийг дагаж амьдардагаар малчин заяа мөнх билээ. Эндээс нүүдэлч малчныг тосгонжуулна хэмээн цэцэрхэх нь төөрөгдөл болохоос хөгжил биш хэмээн бодогдоно.

Зүрхний амраг гэхээс зүрхний аав, багш, найз гэдэггүй нь зүрх хайрын эрчимхүчийг сацруулагч гэдгийг нотлоно. Энэ тодорхойлолтыг суурингийн эрдэмтэн мэргэд хэлсэн байж болно.

Элэг эв эеийг хариуцсан эрхтэн учраас элгэн төрөл, элгэн садан, элэг бүтэн, элэг эмтрэх, элэг хатах гэсэн таван үг үүсчээ. Том гэр бүлийн хэмжээний эв нэгдлийн асуудлыг элэгээр жишиж хэлжээ. Төрөл, садангуудыг элэгээр тодотгохдоо элэг шиг зөөлөн, ямарч өөгүй, элэг “гадуураа гялгар уут”-аар хамгаалагдсан байдагтай адил гэжээ. Гэсэн ч элэг бүтэн элэг эмтэрэх гэдэг нь цуг төрж цувж үхдэг эсвэл жаргал зовлон хоёр хослож амьдрана, элэг хатах гэдэг нь элгээ хаттал инээж баясдаг эсвэл аливаа амьтан төрөхдөө ус шиг зөөлөн, үхэхдээ элэг нь хүртэл хатдаг гэжээ. Элэг нь хүнийх үү, малынх уу гэдэг сонирхолтой асуулт тавьж болох юм. Миний бодлоор бол суурингийнхан шууд л хүнийх, мал ямар эв эеийг хичээх ухаан байх биш гэх байх, нүүдэлчид бол бидний багш “мал” юм чинь малынх, тэх тусмаа хониных, хонины хониныхдоо хөх нүдэн эсвэл шар нүдэн хониных бол бүр сайн гэж хариулна. Хариултанд нэмэлт тайлбар хүсвэл “Билиг оюуны мянган үеийн баатар” Л. Түдэвээс лавлаарай.

Адууны засаа баруун нь баруунд, зүүн нь зүүн бөөрөнд сайн учир булж иддэг заншилтай, азарганы засаа халуун хүйтэн хоёр янз байдаг учраас хүйтэн засаагий нь засч уяа тохируулдаг уяачдыг боловсролгүй гэх зүрх байна уу? Энэ мэт монгол ухаанаар төрхөөсөө боловсорсон малчин ард түмнээ хөдөөнийхөн, Тэд малчид “экологийн зохистой нутгаа(ЭЗН) танин мэдэж, зөв ашиглаж, эзэмшиж эхлэх тэр үеэс Монгол улсын хөдөөгийн хөгжил эхлэнэ” . . . гэж дүгнэсэн нь ардчиллын эхний үед зарим залуучууд “ирээдүй өнөөдрөөс эхэллээ” . . . гэж сүржигнэсэнтэй утга нэг, гэнэн дүгнэлтийг шинжлэх ухааны докторууд эрдэмтэдийн цуврал бүтээлдээ бичсэн байгаа нь гайхаш төрүүлж байна. ЭЗН гэсэн нээлтээ малчдын мал маллаж ирсэн туршлагаас олж тогтоочихоод тогтоосон үеэс хөгжил эхлэнэ гэж баймааргүй санагдана.

Нэрт эрдэмтдийн үзэл бодлыг тоочин бичиж, тэднийг сохороор шүтэн биширч, ашигтай үрийг шүүн авч өөрөө бодит байдалтай шүүн тунгаалгүй дараах буруу дүгнэлтүүд хийжээ хэмээн бодох. Тухайбал:...хүн төрлөхтөний нийтлэг соёл иргэншил болох “суурин соёл иргэншил”-ийн доод шат нь “нүүдлийн соёл иргэншил” мөн болох нь батлагдаж байна гэжээ. Үгүй энэ хоёр иргэншил зэрэг үүссэн, эхний үед НИ хүчтэй хөгжиж байснаа аажмаар СИ-д байраа алдсан, харин одоо энэ хоёр иргэншил зэрэгцэн орших түүхэн үе эхлэж байгааг олж харсан уу.

. . . одоогийн зах зээлийн нөхцөлд саад болж, дэлхийн хоцрогдсон буурай орнуудын толбо болон үлджээ. . . . БМАА нүүдэлчдийн амьдралын материаллаг талыг дутуу дулимаг хангаад, оюуны хөгжлийг саатуулж байна. . . . монголын нүүдэлч малчдад өөрийн гэсэн хэтийн зорилго бүү хэл ойрын зорилго ч бүдэг байна гэсэн нь шинжлэх ухааны доктор таны дүгнэлт, хэлэх үг мөн үү? НСИ-ийн дотоод мөн чанарыг олж хараагүй байж, арай андуу дүгнэлт хийжээ, саад болоогүй, хоцрогдлын толбо биш, мэлхий үсэрэвч мөн дороо гэдгийг мэдэх үү, дутуу биш бүрэн хангаад, оюуны хөгжлийг саатуулаагүй, төдийгүй НСИ-ийг туйлд нь хүртэл хөгжүүлж, хоёр зуун дамжуулан авч явсан гавъяаныхаа ачаар өнөөдөр дэвшилтэт хүн төрлөхтөн НСИ-ийг судлаж эхлэснийг та нарын сонорт хүргэе. Жирийн хүний амьдралаа авч явах үндсэн арга нь олны жишиг харж, дуурайх явдал мөн хэмээн бодогдоно. Эндээс хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй, цаас хэдий нимгэнч чичхээс нааш цоорохгүй гэж суурингийн эрдэмтэд сургасан бизээ. Ер нь ард түмнээ ухаарч амьдруулахын тулд л амьдралаа зориулагсадыг эрдэмтэд хэмээн нэрлэдэг биш үү. Тэгвэл нүүдэлч малдыг :

. . . НСИ нүүдэлчдийг боловсролгүй, ажилгүй, залхуу, эрмэлзэл тэмүүлэлгүй болгодог зүй тогтолтой гэж дүгнэж болохгүй. Боловсролгүй гэвэл мал маллах арга туршлага, цагаан-улаан идээгээ боловсруулах технологи, хооллох соёл, малтай харьцдаг биеийн болон сэтгэхүйн харилцааны соёл, дэлхийн хамгийн хөгжилтэй, таны шүтэн биширч байдаг улс оронд байхгүй гэвэл та зөвшөөрөх үү. “Малтай бол ажилтай, хоолтой” гэсэн сургаалыг эргэцүүлж нэг бодно уу. Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэх сургаал нь хүнээсээ болохоос иргэншлийн дутагдал биш, харин боловсрол олгож буй багш нь таван хушуу мал учраас малгүй айлын хүмүүс залхуу, их унтдаг, ёстой боловсролгүй, тэмүүлэлгүй гэсэн таны дүгнэлт зөв байх.

. . . БМАА эрхлэх болсон үеийн гар хөдөлмөр, энгийн багажаас салж чадахгүй хоцрогдсон байдалтай байна. ШУТ-ийн ололт нэвтрэх бололцоо муутай гэжээ. Хоцрогдол биш, нэвтрэх боломж ч муугүй, харин шинэ технологи, багаж хэрэгсэл ашиглах эсэх нь ганцхан эдийн засгийн хэмнэлт их бага эсэхээс өөрөөр хэлбэл бага зардлаар их бүтээгдэхүүн гаргаж чадах эсэхээс хамаарах учраас гар хөдөлмөр, энгийн багажийг солих хэмнэлттэй шинэ техник, технологи суурингийнхан буюу таны шүтээд байдаг өндөр соёлт хүмүүс чинь бүтээгээгүй учраас нэвтрэхгүй буюу тэдний хоцрогдсон гар хөдөлмөрийг сольж чадахгүй байгаа юм. Цахилгаан хайч, цахилгаан саалтуур, тэрч байтугай нарны болон салхины цахилгаан үүсгүүрүүд ч амьдралд төдийлөн нийцтэй биш байна шүүдээ. Хэрэглээ ч гэсэн хэрэглэсэн хүн хөгжиж, хэрэглээгүй нь хоцрогдож байгаа юм бишээ. Хотын хүмүүс дөрвөн буланд нь чөтгөр байрладаг, одот тэнгэрээс тусгаарлагдсан шавар дөрвөн ханан дотор бусдыг аяарлаж, шаваарладаж амьдарсан нь соёлтой, чөтгөр хорогдох орон зайгүй, тооноороо одот тэнгэрийн хишгийг хүртэж байдаг дугуй модон дөрвөн ханан дотор зөвхөн өөрийнхөө төлөө үргэлж хөдлөж, нүүж амьдардаг нь соёлгүй гэж ялгаж болохгүй. Энэ нь хүн төрлөхтөн үүсхээсээ эхлээд өнөөг хүртэл замнаж ирсэн амьдарч аж төрх хоёр хэлбэр тул нэгийг нь нөгөөгийн эсрэг сөргүүлэн тавьж болохгүй, чанарын эрс ялгаатай хүн төрлөхтний мөнхөд оршихуйн, бурханаас заяасан хувь тавилан бөлгөө. Иймд НИ нь СИ-ийн эхний шат биш гэдгийг дахин сануулая. Хөгжиж байхад ухаралт дагаж явдгийг ч сануулъя.

. . . БМ-ын ашиг бага гэжээ. Үгүй ээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болтлоо бүрэн эрчимжсэн мал. . . . эдийн засгийн үндсэн салбар нь БМАА байсан цагт хэзээ ч хөгжихгүй, иймээс үүндээ тулгуурлан суурин аргаар эрхэлж болох шинэ салбар үүсгэн хөгжүүлж . . . гэсэн нь БМАА-г хэзээд ч СМАА болгож хувирахгүй гэдгийг социализмийн үед бүтээсэн нэгдэл сангийн аж ахуй, малаа таван төрлөөр нь задласан, малаа эрлийзжүүлсэн зэрэг бүх ололт бүхэн мал хувьчилангуут нүд ирмэхийн зуур устсан нь буруу замаар хөгжүүлж байжээ гэж ухаараачээ. БМ хэзээд ч тэжээлийн мал болж хувирахгүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс батлаж чадна шүү.

Л. Түдэв аль 2005 онд бичихдээ: “. . . ер нь МАА, НСИ-г суудлынхнаар солихыг санаархах нь монголыгоо мөхөөх хар санаа мөн” гэж дүгнэсэн бол энэ номын зохиогчид “ . . . нүүдэлчид малчид суурыпилд заавал шилжих ёстой гэсэн онолыг дэвшүүлж байна” гэжээ. Эндээс таны дэвшүүлсэн онол бол монголыг хөгжүүлэх биш мөхөөх онол болжээ Суурыпилд шилжсэнээр таны ухаарч нээсэн шинэ салбар чинь хөгжих орчингүй болно. Мөн ЭЗН элэгдэлд ороод хэдэн жилийн дараа нүүхээс өөр аргагүй болохыг тооцсон уу? Шинэ техник технологи ч гэсэн мөн адилхан амьдрах хугацаа багатай, хугацаандаа үр ашигаа өгч чадахтай үгүйтэй байдаг. Тэгээд дараа нь хаях газар олддоггүй, байгаль экологи бузарласан хог болдог. Эндээс суурингийнхний бүтээл бол байгаль экологио устгаж бүтээж хөгждөг, нүүдэлчид тэтгэж арвижуулж хөгждөг учраас нүүдэлчдийн бүтээл төгс, хаягдалгүй технологиор хийгдсэн эцсийн бүтээгдэхүүн, цааш нь сайжруулах гэж байхгүй, мөнхөрсөн байдаг юмаа.

Хөгжлийн тулгуур суурыпил монголын газар дэвсгэрийн ихэнх тал хээр, говийн бүсэд хэрэгжих онолын үндэслэлгүй гэвэл та зөвшөөрөх үү. Хариуг хэвлэлээр, интернетээр өгч болно.

Таны дэвшүүлсэн . . . малаа төрөлжүүлэх, тосгонжиж хөгжих зүй тогтол нь БМАА-г хөгжүүлэх биш устгаж, монгол улсыг “бар” улс болгох биш “баар” улс болгох ирээдүй рүү хөтлөж байна гэж бодогдоно.

Хоёрдугаар номонд:

. . . ер нь хонь 2-3 алхаад нэг удаа өвс таслахаар бодож сүргийнхээ хөдөлгөөний хурдыг зохицуулах нь хамгийн тохиромжтой гэж зөвлөсөн нь 1. доктор хамгаалахын тулд лабораторын туршилтын полигондоо туршилтаар тогтоосон байх. 2. Мал идэшлүүлэх нь хөдөлгөөний хурдыг тохируулахад байдаг гэсэн цоо шинэ дүгнэлт хийжээ. 3. 2-3 алхаад нэг тонгойгоод тааралдсан өвсний толгойг таслах маягаар өдөржин тууж бэлчээнэ гэвэл хоёр цаг яваад л хүн малгүй өвс тасдах байтугай хөдлөж чадахгүй болтлоо ядрана. Таны энэ зөвлөгөөг малчид бол инээдээ барна, таныг доромжлоод өнгөрнө, харин гадаад дотоодын эрдмийн зэрэг горилогчид, оюутан суралцагчид, суурингийн уншигчдад буруу ойлголт өгөх нь үнэхээр хортой учраас л шүүмжлэлтэй хандаад байгаас биш та бүхний нэр хүндийг бууруулах зорилго тавиагүй болно.

... хонь ямаа орондоо хөдөлгөөн нь аяндаа удааширч сүргээс хоцрох, хэвтэж үлдэх гэж бичсэнийг юу гэж ойлгох вэ? Хонь ямаагаа хүндэтгэж орон дээр хэвтүүлдэг гэтэл удаашрах, хоцрох, хэвтэх, үлдэх гэх шиг . . . эсвэл бэлчээртээ гэхийг орондоо гэж бичсэн гэхэд андуурхын аргагүй хоёр өөр үг байх, . . . сүргийг өвөлжилт, хаваржилтанд зохих ёсоор бэлтгэх гэдэг нь: . . . хүйтэнд дасган өлчирлүүлж, уяашуулах явдал юм гэсэн нь өлчиржүүлэх гэж ярих ба өвөл хаврын улиралд уяж сойж уяашуулах гэсэн ойлголт байхгүй. . . . нас гүйцсэн малын жин 40-60, өсвөр насных нь 60-70 хувь хүртэл тус тус нэмэгддэг БМАА-н гол гогцоо асуудлын нэг болно гэсэн нь арифметикийн анхны мэдэгдэхүүнгүй малчдаасаа дор байх гэж дээ.Анхны жин нь хэд байсан бэ? гэдгээс хамаарна. Хавар эм хонины амьдын жин 70 кг байсан гэвэл 60% өсөхөд 102 кг хүрнэ, төлөг 50кг байсан бол 70%-иар нэмэгдэхэд 85кг амьдын жинтэй болно. Энэ тоо амьдралд хир ойртох вэ? Ямар хүний билээ өдрийн тэмдэглэл гэдгийн адил болжээ.

. . . эм ямааны намрын амьдын жин дээд тал нь 54 кг байсан гэж бичснээс 60%-иар таргалсан гэвэл хавар амьдын жин нь 32 кг байжээ.

Цааш нь нэгдлийн үеийн үеэ өнгөрөөсөн, өнөөгийн малчдад огт үр ашиггүй баахан нуршижээ. . . . янз бүрийн нас хүйсний төрөл бүрийн малд заазлалт хийх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон зохих хувь хэмжээг заавал баримтлаж байх нь туйлын чухал гэжээ. Тэр шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон нормоо бичихгүй яасан юм бэ? Жилд заазлах малын тоог нэгдэл бүрд тогтоож өгдөг байх нь ёстой захиргаадах гэдэг энэ байх, энэ ажлыг зохиогч сайд байхдаа өөрөө тогтоож мөрдүүлж байжээ гэсэн дүгнэлт гарч байна. Заазлах норм тогтооно гэдэг мөн гачирхалтай нээлт байна даа. . . . 1984 оны 10-р сарын байдлаар нийт аймагт зүй бус хорогдсон малын 24-40%-г тором, даага, бяруу, хонь ямааны 20-30%-г төлөг борлон эзлэж байсан . . . гэснээс зохиогч маань ТХМ-аа бод бог гэж ялгаж мэддэггүй бололтой, 10 сард хоёр настай малын 30-40% хорогддог юм бол хавар гэхэд үхээд дуусдаг байх нь тэхээр нэгдэл гэдэг айл нэг л бишээ гэсэн хошигнол үүсчээ. Энэ мэт оновчтой биш, утга агуулга багатай, монгол хэллэггүй, зохиомол орчуулгын хэлээр бичсэн нэгдлийн үеийн мал маллах арга туршлага бичсэн нь монгол хэл устлаа гэж ахмадуудын бухамдахын учир энэ мэт байх.

. . . дуутай ширүүн бороотой үед дэрс түнх, цахилдаг, торлогны нөмөр нөөлөгтэй хонхордуу газар тогтооно гэсэн нь 1. Таны нэрлэсэн хоргоох нутаг бэлчээр тэр бүр байхгүй. 2. Ийм үед бод мал уруугаа хараад, томынхоо нөмөрт жижиг хорогдоод, биеэн хураагаад зогсдог юм. Бог мал идэх байтугай шагай бөөн зогсож, хариулж байгаа хүн нь бороо өнгөртөл аянга буухаас өөрийгөө хамгаалж, хониноосоо холдоно. Дуутай бороо хургүй, цуутай хүүхэн хуримгүй сургамжаар ийм ширүүн бороо 20-30 минутаас хэтрэхгүй, бөөн ус хаяад л өнгөрдөг, ногоо ч ургахгүй, усны аюул ч болж мэднэ. Мөн үүнтэй төсөөтэй “. . . тэмээ нь хаврын хавсарга, салхи шуургатай өдөр аль болох нөмөрлөг газрыг түшиглэн хэвтэх хандлагатай байдаг тул тэр бүр дураар нь хэвтүүлэхгүй бэлчээрт нь сайн тогтворжуулан идэшлүүлж байх нь зүйтэй гэжээ. Монголчууд чинь бод малаа ухаанаараа малладаг учраас тэмээг хоньчилж хариулдаггүй, сайн малчин бол зөвхөн өглөөний бэлчээр лүү нь зална, саар нь залах ч үгүй өөрсдөө бэлчинэ. Хаврын улиралд ч гэсэн өөрөө бэлчээрээ сонгож бэлчдэг, хавсаргатай өдөр хэвтэхгүй, харин салхи шуургатай өдөр салхи шуурганы хүчнээс хамааран хэвтэх эсэхээ мэднэ, хэрэв хэвтсэн бол таны санаагаар хичнээн албадсан ч босохгүй байж мэднэ шүү. Тэмээний хүчтэй цасан болон шороон шуурганд бусад мал уруудаж байхад уруудахгүй хэвдэг учир нь хөл нь уртадсан амьтан гэдгээр тайлбарлагдана шүү.

. . . салхины уруу ширүүн тууж, ээвэр газар салхи өөд харуулж зогсоон хөлөргөхөд сайн гэдэг. Үгүй ээ өөд биш уруу нь харуулбал, бие биенийхээн халуун амьсгаандаа улам хөлөрдөг юм. Ямаа нь танаас асуулгүй салхи өөдөө хараад хониноосоо ялгараад хөлсөө сэвээд ялаархаад зогсоно. . . . тарган хонины баас том задгай, ааглуун, хоргол бөөрөнхий байна. Задгай аглуун байснаа хэдийд бөөрөнхий болох билээ. Задгайрна гэдэг нь бөөрөнхий байснаа задарлаа гэсэн үг шүүдээ. . . . . намар орой болтол задгай сэрүүн бэлчээрт, хариуллага муутай байлгахад амархан турж хайлдаг тул . . . гэсэн нь хайлах бишээ харин нь сойгдож тарга хүч нь тогтоно. Өвөл, хаврын хахир хүйтэн цагт алсаараа жавар салхины нөөлөг сайтай . . .өвөлжих хашааг наранд ээвэр салхины нөөлөг сайтай газар барина гэжээ, үгүй ээ нөөлөггүй эсвэл багатай гээчтэй. . . . тэмээг идэр гурван ес эхлэх үеэс тогтмол хугацаанд услаж бай гэж зөвлөх нь монголын нөхцөлд хир тохирох болдоо. Гурван есийн гунан үхрийн эвэр хуга хөлдөж байхад хөлдөөгүй худаг хир олон байх бол, өвөлжөө газар ихэвчилэн усгүй, цас өвс бараадсан газар өвөлждөг юмаа. . . . үнээний ба бог малын хээлтүүлгийг төдийн хаягдал гаргахгүйгээр хугацаанд нь . . . гэсэн монгол сэтгэлгээ мөн үү? . . . тарга хүч өсөлт бойжилтоороо өвөл хаврын улирлыг давж онд орох найдваргүй дааг, тормыг эх сүргээс нь ялган авч арчилагаа тэжээллэгийн сайн нөхцөлд өвөлжүүлж хаваржуулан шинэ ногоотой залгуулж байвал зохино гэсэн нь БМ-д маш ховор тохиолдох учраас ийм даага, тормыг намар заазла гэвэл амьдралд ойртох байх. БМ-ын гайхамшигт онцлогын нэг гол шинж нь дааганд нь дагь, шүдлэнд шүт гэдэг хуультай учраас даага онд орохгүй гэж бараг байдаггүй, харин адуу шүдлэндээ шүд нь унадаг учраас эзний анхааралд байдаг юм. Тором эхийгээ хөхөж байдгаас онд орохгүй байх нь ховор, тэмээг тэжээх гэдэг ойлголт байдаггүй, харин олон хоног уягдсан тэмээг эдлэхийн өмнө амных нь завааг гаргахын тулд хэд хазуулдаг юм.

Монгол хэлээр биш орчуулгын хэлээр бичсэн гэхийн учир нь: . . . хонь ямааг бэлчээхдээ өвс ургамлын байдлыг харгалзан харгалзан малын гишгэлтийг тааруулан хариулах, задгай бэлчээх, тууж бэлчээх зэрэг аргыг хослуулан хэрэглэнэ гэжээ. Бэлчээхдээ гэсэнийг бэлчээрт хүргэхдээ гэж ойлговол гишгэлтийг тааруулан хариулах гэж бэлчээртээ хүрсний хойно идэшлүүэх гэмээр, гэтэл задгай бэлчээнэ, тууж бэлчээнэ гэхээр бэлчээрт хүрэх арга гэмээр, гэтэл энэ гурвыг хослуулна гэхээр бэлчээрт нь гишгэлтийг тааруулна гэхээр зогсоохгүй үргэлж явуут шүүрч идэж байхаар дотроос задлаж байх, тэгснээ туугаад хаана очихы нь бичээгүй байх шиг ер нь ойлгоход хэцүү бичсэн байх.

Хонь ямаа бэлчээх гэж ярихгүй хонио бэлчээх, хариулах, идэшлүүлэх гэж ярина. Тууж бэлчээх гэсэн ойлголт байхгүй, ийм ойлголт зөвхөн алсын отор, тууврын үед ярина. . . . өдөр бүр хужирлах гэжээ өдөр бүр хужир иддэггүй юм, хужиршиж байж хужир иддэг юм. . . . халуун бууцыг хэсэг хэсэг овоолж сэврээгээд орой хонь хотлохоос өмнө дахин тараадаг нь сэврээж байгаа юм бишээ бууцны халууныг хадгалж байгаа юм, хотоохөлдөлтөөс хамгаалах арга юм. Чийгтэй хөлдүү хэвтэртэй хонь хотондоо хэвтэхгүй холхиж, зогсох нь их ажиглагддагаас гадна яваандаа гэдэс хээлүүр, сүүлний ноос нь зулгарч унадаг гэжээ. өвөл хонины хот чийгтэй бишээ өдөр нь чийг нь хатаад, орой болоход хөлдөөгүй байдаг юм. Харин ямаа олонтой бол ямаа хэтрээ хөлдөөдөг учраас тэр хэсэг нь хөлдөнө. Өвөлжөөнд байхдаа чийгтээд хээлүүр, сүүлний ноос зумрах гэж байхгүй. Энэ зөвлөгөө бэлчээрийн богод үл тохирно. . . . тэгэхдээ үдээс урьд бараг цагаан өвстэй бэлчээрт байлгаад үдээс хойш яргуйтай бэлчээрт оруулна гэсэн хачирхалтай, шог жүжиг бичжээ. Үдээс өмнө хорисоор байгаад үдээс хойш яргуйтай бэлчээрт гаргадаг нь цоо шинэ нээлт байх, малчин хүний сэтгэхүйд лав багтахгүй байх, үүний учрыг олоход миний ухаан дутаж байгаагаа нуух юун. . . . нэг улирлын бэлчээрээс нөгөөд очихдоо нүүж очно гэжээ. Нүүж очихоос өөр олон янзаар очдог байх нь нисэж очих, үсэрч очих, дэвхэрч очих, явганаар очих, машинаар очих гээд тоолж баршгүй олон аргаар очдог байх нь энэ дотроос нүүгэдсээр байгаад оч гэжээ. Аргагүй монгол хэл баялаг гэдэг үнэн юм байна. . . . ойт хээр, хээрийн бүсийн ихэнх нутагт жилдээ 6-8 удаа улирлын бэлчээр сонгон нүүнэ. Харин говь нутгийн бэлчээрийн ургац тачир, хэнзэлж ургахдаа маш удаан, элсэрхэг сул хөрстэй учир нэг нутагт удаан мал бэлчээх боломжоор хомсоос шалтгаалж жилд 15 юм уу түүнээс ч олон удаа нүүдэл хийхэд хүрнэ гэжээ. Үүнийг уншихад өгүүлбэр зүй, найруулгын алдаагүй, олон цөөн нүүхийн учир шалтгааныг зөв тайлсан, бүс нутгийн онцлогот тохирсон нүүдлийн тоог тогтоосон гэж үнэмшихээр бичсэн байна гэтэл амьдралд огт таарахгүй, тухайлбал говьд жилд 15 байтугай 3-аас илүүгүй нээх тохиолд элбэг, 15 удаа нүүх гэдэг бүх насны амьдралд ч тохиолдохгүй байж мэднэ шүү, 15-20 км-ээс унднийхаа усыг зөөж амьдардаг говьчуудыг мэдэх үү. Говьчуудын нүүх эсэхийг бэлчээрээс гадна усны асуудал шийддэг юм шүү. . . . өндөр үүлдэр гэх юу билээ.

Төгсгөлийн үгэндээ зохиогчид харилцан бие биенээ болон ахмад үеэ магтан, дөвийлгэж бичсэнээс ХХ1-р зуунд БМАА-г хөгжүүлэх биш устгаж, суурыпилд шилжүүлж, тэр нөхцөлд маллах технологи бичсэн нь бэлчээрийн мал байвал монгол байна, БМ үгүй бол монгол байхгүй, төлгөн хонь бөөрөндөөн цоорхой, төрсөн хүүхэд цулай цоорхой буюу НСИ-г ССИ-ээр сольж байгаа учраас “монголыг мөхөөе, цус гаргахгүйгээр, буу шагайхгүйгээр устгая гэвэл яг одоогийн нөхцөлд малыг эрчимжүүлэх нэрээр малаас салгаж, малчдыг ч хотжуулах гоё нэрээр үгүй болговоос тэр муухай санаа биелэхэд амархан гэлтэй” хэмээн ардын уран зохиолчийн бичсэнтэй санаа нийлж байгаа учраас 180 градусаар эсэргүүцэж байнаа.

5-р ботийн зохиогчийн нэг бүтээлд:

1. Гагцхүү натурал уламжлал, арга технологи дээр суурилсан хийгээд түүхийн эрхээр хөгжлийн чадавхиа шавхсан дундад зууны хэвшилт өрхийн аж ахуйн ноёрхол манай хөдөөд дахин тогтсон гэж дүгнэсэн нь өрхийн аж ахуйн ноёрхол гэдэг чинь өрх айл бүхэн биеэн даасан, бүх хэрэгцээгээ өөрөө хангасан бичил улс учраас эцэг хүүгийн малын зүс нь хүртэл өөр байдаг юм. Түүхийн эрхээр хөгжлийн чадавхиа шавхах гэх нь утга төгөлдөр биш хоосон цэцэрхийлэл, нуухий нь авах гээд нүдий нь сохлох гэдэг болжээ. Биологич Т. Содной цааш нь бичихдээ . . . . нэгдэл гэгч тэр тамын орныг нээсэн манай хувьсгалчид чухам ямар хүмүүс байсныг Э. Бат-Үүлийн өдрийн сонинд өгсөн “ Бид дөчин мянгатынхан” гэсэн ярилцлагадаа” мэдээж хэрэг бид монгол хүүхдийн хэв шинжит дүрд гардаг шиг чулуугаар гэр барьж тоглож байгаагүй, байрныхаа дэргэд окоп ухаж байлдаж, золбин нохой тэжээж тоглож өссөн” гэж ярьснаас бид адилхан хүн, бидний өссөн орчин өөр учраас тэрнийгээ дагаж амьдардаг гэснээс окоп ухаж, золбин нохой тэжээснээр хотынхон соёлтой, байгалиа дагаж чулуун гэр барьж, хурга ишигтэй тоглож өссөнөөрөө соёлгүй гэсэн үг биш, эсвэл нисдэг нь нисдэгээрээ, мөлхдөг нь мөлхдөгөөрөө байя, эсвэл хүний амьдралын хоёр тал болохоос өөр юу ч биш гэдгийг хэлсэн хэрэг.

2. Өнөө болтол манай МАА дан хувийн өмчит тархай бутархай натурал хэвшлээр явж ирсэн бөгөөд түүний хөгжилд тийм гэж онцлон хэлэх хөгжил дэвшил гарч байсан тухай шинжлэх ухааны баримт нотолгоо одоогоор байхгүй байгаа билээ гэсэн таны энэ дүгнэлтээс та өөрөө 1. монгол хүн учраас эхлээд монголоороо сэтгэж сур. Натурал хэвшил гэж юу вэ? Шинжлэх ухааны хэлээр бичиж байгаа нь тэр үү. ШУ-ны баримт нотолгоо алга гэснээр хөгжөөгүй болж байгаа юм уу. Үгүй ээ БМАА-н хөгжил нь туйлдаа хүртэл хөгжсөн учраас 10-иад мянган жил амьдарсан, социализмийн 70 жилд эзнээс нь хүчээр салгаж, төрийн өмч болгож, таван төрлөөр нь ангиласан боловч ардчиллын эхний 1-2 жилд л бүх ололт амжилт устаж, хувийн өмчит тархай бутархай байдалдаа эргэн орсон нь та нарын бичсэнээр ШУ-ны ололтыг нэвтрүүлж, нэгдэл, сангийн аж ахуй байгуулсан, газар тариалан хөгжүүлсэн, олон шинэ үүлдэр угсааг үүсгэсэн чинь явуургүй гэдгийг батлаад байхад хагас суурин, сууринд шилжихгүйгээр хойшид ч амьдрах ирээдүйтэй байгааг олж харахгүй байна.

Эцэст нь “нүүдэлч малчидтайгаа байвал “бар” улс болохоос суурин малчидтай болбол “баар” улс болно хэмээх таамаглалаа үхэр жилтэй тул улангассан үхэр шиг хамгаалах болноо.

Сайн үйлс дэлгэртүгэй.

Х. Сүхбаатар 2009 он. УБ хот.

Эсгий туургатан, Хөх тэнгэр эцэгтэй, Хөрст дэлхий эхтэй, Хөх толботны удам угсаа, Малчин гаралтай, Монголоо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, бүтээлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танд одхуйн орчилд алдар нэрээ мөнхжүүлсэн ажил үйлсийг чинь бахархан сайшааж мэндчилье.

Малыг малчдад өгсөн нь нийтийн өмчийг хувийн өмч болгож, аж ахуйн олон хэвшлээс татгалзсан, социалист хэвшлээс капиталист хэвшилд шилжсэн ардчилсан хувьсгал юм. Үүний хүчинд Монгол улс ахар богино хугацаанд зах зээлд шилжсэн, хот хөдөөгүй айл өрх бүр амьдрал нь сайжирсан, эр эмгүй машинтай, мотоциклтэй болсон, хотынхон орон сууцтай, хөдөөнийхөн таван хушуу малтай болсон.

Монгол улс зах зээлд шилжсэний гавъяа нь хүчээр устгаж байсан нүүдлийн соёл иргэншлээ буцаан авч, суурин соёл иргэншилтэй хослуулан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэнд оршино. Үүнийг буцааж хүчээр суурин соёл иргэншилд хөрвүүлэх бодлогыг БМАА 20 боть цуврал номондоо нүүдэлч малчдын нийгэм-эдийн асуудлыг хоршоолол, нэгдэл гэдгээ нэрий нь суурыпил, тосгонжуулах нэрээр сольж агуулагыг хэвээр дахин сэргээхээс өөр зам байхгүй гэсэн “онол” дэвшүүлж байгааг Би эсэргүүцдэг юм.

Харин бид амьдралын алтан дундаж дээр оршин тогтнох чадвар муутай, алтан дундажаас үргэлжид дээш, доош савж байдаг нь байгалийн бодит үзэгдэлд зохицож амьдардагт оршино. Монголчууд жалга довоороо ялгагдаж байдаг нь амьдарч байгаа байгалтайгаа зохицож, ажил амьдрал нь үргэлжилж байгаагаас биш, бүдүүлэг хоцрогдсных бишээ. Дашрамд тэмдэглэхэд малчдын хүүхдийг зургаан наснаас нь сургалтанд хүчээр хамруулдаг ч буруу, төрийн харанхуй дээрээсээ түмэний харанхуй доороос гэдэг энэ бөлгөө. Үүний буруугийн учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах чадал, мэдлэг байвч, хичнээн үнэн үг хэлэх цаг хугацаа, орчин нь бүрдээгүй үед хэлбэл өөрийгөө гутаадаг, доромжилсон болж хувирдагыг ерөнхийлөгчдийн сонгуулийн үйл явцаас ойлгов. Түрүүлж дуугарсан хэрээний хошуу хөлддөг, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр эсвэл хэт шудрага тэнэгийн нэг хувилбар ч гэж хэлдэг гэгчээр цэцэн хүн болох гэж дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрснийг минь бурхан л мэдээгүй байгаасай хэмээн залибирдаг билээ.

Газар тариалангаар далимжуулж, нүүдэлч малчдыг хүчээр шахаж, тэжээлийн малын малчид болгох, улмаар суурыпил руу шилжүүлэх хорон бодлого явуулж байгааг мэдэрч, Баруун монголчуудаас ирсэн малчдыг шахах бодлого явуулж байна гэж Амаржаргал та үнэхээр зөв ярьсан шүү, үүнээсээ буцаж болохгүй, ард чинь ерөнхийлөгч байгаа шүү гэж бичсэн.

Монгол хүн бэлчээрийн малынхаа буянаар: 1. Бүх насны турш ажилтай, дөрвөн улиралдаа тохирсон цэвэр ус, цэвэр агаар, цэвэр хөдөлгөөн, цэвэр үнэр, цэвэр хоолтой, 2. Оюуны болон сэтгэлийн сэвгүй, гэрлэн бие нь сэвтдэггүйгээр, зурхайн ухаанаар амьдардгаас өөрөөр хэлбэл шинжлэх ухаанчаар ажиллаж, амьдардагаараа суурингийнхаас ялгагдана. Малаа хариулж явахдаа үргэлж бясалгал хийж явдаг учраас малтайгаа хүйн холбоо тогтдог, жишээлбэл малаа өсгөхдөө хөршүүдийн малаас ялгарч байхын тулд зүсээр эсвэл хийц галибараар манайх гэсэн онцлогыг хадгалуулж өсгөдөг. өөрөөр хэлбэл магадлалын онолд нэвт боловсорсон, амьд ертөнц од эрхэсийн учрыг олж ухаанаа уралдуулж байдаг улс ганцхан нүүдэлчид юм. 3. Монголчууд таван махбодын онолоор хий махбодтой учраас амархан бузартдаг, урсгал усны хор гарсан хойно долоон сард голын усанд ордог, хэдэн жилээрч усанд орохгүй байхад өвчлөхгүй, энэ мэт биоэкологийн онцлогыг ялган ухаарахгүй хүчээр усан болон шороон махбодтонтой адилтгаж усанд ордоггүй бүдүүлэг, түүхий мах иддэг, малаа дагасаар маанаг болсон, хөгжилд саад болж байна, хурдан суурыпилд оруул хэмээн цэцэрхэж байгаа эрдэмтэд бэлчээрийн мал, тэжээлийн мал хоёрын ялгааг хоёр талаас нь харахгүй зөвхөн тэжээлийн малын талаас нь сэтгэж, бэлчээрийн малыг хоршоо маягаар нэгтгэх, суурыпилд оруулна гэж Ерөнхийлөгчийн “мянганы хөгжлийн бодлогод ч оруулсан, үүнийгээ мачдын нийгмийн бодлогын хөтөлбөрөөр батжуулах гээд байгааг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаатай санал нэг байгаагаа таны сонорт хүргэж байгаа минь хүлээн авна уу.

Ерөнхийлөгчийн хувийн өмч нь ард түмэн, ард түмэний загалмайлсан эцэг нь ерөнхийлөгч учраас ард нэг бүрийн төлөө зүтгэнэ гэсэн таны зорилтыг гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлэхэд тун таатай байна.

Монгол хүн хий махбодтой учраас хэлсэн бүхнийг хийчихсэнтэй адил андуурдаг бол хятад хүн шороон махбодтой учраас хийсэн хойно нь итгэдэг. Хүн залуу насандаа сэтгэн бодхоос бясалган ухаардаггүй учраас сайн сайхныг бүтээх тухай мөрөөдлийн урлагт итгэж, андуурах тохиол их байдгийг санагтун, хожим харамсахгүй байхын тулд сайн тунгааж бодох хэрэгтэй.

Монгол улс бэлчээрийн мал аж ахуйнхаа буянаар

1. Даяаршилд дангааршин үлдэнэ.

2. Дэлхийг зочроосон хүнсний хомсдолоос ч айхгүй.

3. Хүн төрлөхтөний бүтээсэн дэлхийн долоон гайхамшиг нь амьгүй бүтээл учраас зөвхөн аялал зугаалгын хэлбэрээр бусдад үзүүлж, орлого олдог бол монголчуудын бүтээл таван хушуу мал нь хүн төрлөхтөнийг өдөр тутамын хүнсний хэрэглээний үндсэн бүрэлдэхүүн хэсэг экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүүгээр төдийгүй амьсгалы нь хүртэл ашигладаг, хаягдалгүй технологиор бүтээгдсэн, амьтай бүтээл учраас “Таван хушуу малынхаа ид шид”-ийг дэлхийд зарлаж, дэлхийн дархан хамгаалалтанд багтааж, дэлхийн наймдах гайхамшигаар тодруулах буянтай үйлсийг зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч л бүтээнэ хэмээн таны сонорт хүргэж байна.

Бэлчээрийн малгүй тэх тусмаа хоньгүй бол: а. Говь, тал хээрт хүн амьдрах нөхцөл устана. б. Монгол улс даяаршилд дангааршин үлдэхгүй. в. үндэсний монгол хэл устах хугацаа эрс богиносоно. г. монгол хүний удам угсаа эрлийжиж, хөх толбо бүдгэрнэ.

Мал гэсэн үг нь хөрөнгө гэсэн үг. ТХМ 1. Орчин үеийн хэллэгээр таван хушуу мал нь өндөр хүүтэй хадгаламжийн банк. 2. ТХМ-тай бол ажилтай-хоолтой. 3. Малчин өрх чинь үйлдвэрлэгч-хэрэглэгч. 4. Бэлчээрийн мал өөрөө байгалийн зохицлоосоо салаагүй, хаягдалгүй монгол технологиор бүтээгдсэн монголчуудын оюуны болон биеийн хөдөлмөрийн бүтээл. Ийм байгал экологит халгүй үйлдвэрлэл дэлхийн ямар ч улс оронд байхгүй. 5. Малчин өрх айл нь дэлхийд ганцаараа бичил улс болтлоо төгс боловсрогдсон суурингийн таван төрлийн фермийн аж ахуйг дотроо агуулсан, хамгийн бага зардлаар, хамгийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ирэхүй одхуйн орчилд өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж байдаг, үйлдвэрийн түүхий эд- ус, бэлчээр үнэгүй хангагдаж байдаг, бодыг ухаанаар, богыг дагаж маллах технологийн горимоор ажилдаг, бүтээгдэхүүний гарц, чанар нь эзэнтэйгээ хүйн холбоотой, тухайлбал халуун хушуутай мал нь эзнийхээ буяныг хадгалхаар заяасан өвөрмөц шинжтэй мал хүртэл төрдөг.

Цагаан-улаан хоолтон, даяаршилд дангааршин үлдэх хувьтай хөх монголчуудын эзэн таны ирэхүйн орчилд, нарт ертөнцөд “МОНГОЛ УЛСАА” хойт, урд хөрш шигээ улсын дайтай улс болгон мандуулж явхын тарни айлтгая.

Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтнүүдийн эдийн засгийн зөвлөлийн гишүүн, МУГБ, ШУТИС-ийн доктор, профессор Х. Сүхбаатар

2009.06.22.