2/29/2008

ӨНӨӨГИЙН БАГШ

“Хүн төрлөхтний оюуны инженер” хэмээн алдаршсан өнөөгийн багшийн үүрэг, хариуцлага ХХI-р зууны боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хэвээр байнаа. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн цаг үе, мэдээллийн цаг үетэй давхцаж байгаа өнөө үед улс үндэстний өвөрмөц ёс зүй, соёлыг уламжлуулагч, ухаарлыг хүртээгч, цаг үеийн элдэв төөрөгдлөөс аврагч багшийн үүрэг хариуцлага өндөржиж, нэр хүнд улам өссөөр байна. Багш оюутны харьцаа нь эцэг хөвүүний харьцаатай адил учраас харилцан бие биеэ хүндэтгэхээс эцсийн үр дүн хамаардгыг сануулах юун.

Багш өөрөө ямар хэмжээний мэдлэгтэй байна, хичээл заалт, мэдлэг нь тэр хэмжээнээс илүү гарах гэж үгүй. Яагаад хэмээн гачирхах хэрэггүй. Ус ямар түвшингээс урсаж бууна, тэр түвшингээс өндөрт хэзээд ч гардаггүйтэй утга нэг бөлгөө. Багш тайлбарлах аргаа олно гэдэг амаргүй байдаг. Шинэ сэдэв заалаа гэхэд түрүү заасантайгаа холбож байж л сонсогчдод ойлгомжтой болдог.

Хүмүүс хамгийн муу мэдэх зүйлдээ хамгаас хатуу чанд итгэдэг, өөр юунд ч тийм их итгэдэггүй. Тийм учраас шашин харийн хэл дээр уншиж, шүтүүлдэг. Үүнтэй нэгэн адил мэдэхгүй юмаа мэдхийн тулд багшийг сонгодог учраас багшийг шүтдэг, хэлсэн ярьсан бүхнийг хууль мэт хүлээн авдаг юм.

Хүний зорьсон зорилгоос буцах зам мянга байдаг, түүнд хүрэх зам ганцхан. Энэ ганц замыг хамгийн богино замаар хөтлөгч нь багш юм.

Хуримтлуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэгддэг. Эцсийн эцэст түүнээс л бүх үйл явдал өрнөдөг. Тэгэхдээ юмыг таньж мэдснээр бэрхшээлүүд үгүй болж, аливаа асуудал шийдэгдчихдэг юм биш. Оюун ухаан үнэн мөнийг яг л нүд гэрлийг тусган авдаг шигээр хүлээж авдаг. нүд гэрэл тийш чиглэж байж хардаг шиг оюун ухаан тойрог бол гурвалжин биш, эцэг бол эх биш, тав бол гурваас их гэдгийг таньдаг.

Эрдэмтэн хүнийг зарим хүмүүс ямар нэг зүйлд өөрөө суралцсан хүн биш, асар олон юмыг бусдаар заалгасан хүн гэж басамжлуулахад хүрэхгүйн тулд шинийг олж харж, ямар нэг шинэ юм зайлшгүй хийх хэрэгтэй, үүний тулд насан туршаа суралцаж, сургах үүрэгтэй болой. Бусдын эрдмийг ашиглаад эрдэмтэн болж болдог атал ухаантай мэргэн байхад ганцхан өөрийн ухаанаас өөр юу ч тус болохгүй. Эндээс ухааныг эцэг эх танд өгдөг учраас нэг эцэг 100 багшаас илүү гэсэн үг гарсан бололтой.

Уншсанаар хүн юмыг мэдэж, ухаардаг буюу унших гэдэг хүний толгойгоор бодох гэсэн үг учир ном уншиж өөрөө дадхаас гадна шавь нараа ном уншуулж сургахын тулд бие даалтын цагаа бүрэн ашигладаг дадлага олгох хэрэгтэй. Аливаа хүн толгойдоо байгаа далд мэдлэгээ бусдад тус болох зүйлийг сэтгэл харамгүй хүргэхийн тулд бичиж үлдээснийг л ном гэдэг. Ийнхүү номыг хүнд уншуулж, ухаан суулгаж, ажил амьдралд тус болгох зорилготой учраас унших гэдэг нь хүний толгой дахь сайн үрийг түүж авна гэсэн үг болой. Тэр түүж авсан үрийгээ тарьж ургуулж чадвал та ухаантайн шинж, эс чадвал та өөрийгөө тэнэг гэж ойлго. Харамсалтай нь ихэнх зохиогчдийн номын эхний хуудсанд “энэхүү сурах бичгийг хувилах, олшруулах, хэвлэх болон түүний компьютерийн сүлжээний файлаас ашиглахыг хориглоно эсвэл зохиогчоос зөвшөөрөл авна ”. бас нэг номонд “Энэхүү бүтээлийн зохиогчийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд хувилах, хэсэглэн нийтлэх, орчуулах, дахин хэвлэх, нийтэд зориулж унших, нэвтрүүлэх, тайз дэлгэцийн бүтээл болгох бүх тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авна. Мөн энэ нь олшруулах, микрофильм хийх, электрон систем оруулах боловсруулахад хамаарна” гэжээ. Зарим багш нар конспектаа ВЭБ хуудсанд тавихаас татгалзаж, нууцаа алдах тухай буруу сэтгэл өвөрлөж явах нь харамсалтай санагдана. Ер нь оршихуйн тулд багшлаж байгаа багш нар цөөнгүй байна: элдэв аргаар оюутнаа саах тухайлбал ном гарын авлага өндөр үнээр шахах, шалгалтандаа үнэ тогтоох . . .

Нийгэм даяар багш нарыг хүндэтгэж, боловсролыг дээдлэх нийгмийн хэв суртал төлөвшин, улам ихээр хүндэтгэгдэх одоо ба ирээдүй байнаа. Хичээллэхийн хамт хүмүүжүүлэх нь багшийн дархан үүрэг хариуцлага гэдгийг гүнээ ухамсарлаж, өөртөө өндөр шаардлага тавьж, багш өөрийн эрдмээ уламжлуулахын зэрэгцээгээр, оюутан сурагчиддаа ухаан суулгаж, сурах урам хайрлаж, урамшуулан, сэнхрүүлж, урам зориг олгоход орших нь үнэнд их ойртохыг өөрийн туршлагаас ойлгов. Эндээс багш нарын хөдөлмөрийн үр дүнгээс улс орны ирээдүй хамаардаг, давруулж цэцэрхвэл эх орныхоо ирээдүйг шийдвэрлэнэ. Боловсролыг дээдэлвэл багш нараа хүндэтгэ, амьдрал ахуйд нь онцгой анхаарал тавих нь төрийн бодлогын нэн тэргүүн зорилт хэмээн бодох .

Хүн төрөхдөө ариун байдаг, шудрага ёс бол тэдний оршин байхтай ижил төрөлх чанар нь юм. Тодорхой цагт бүх юм үүсэн бий болдоггүй, үүсэн бий болох явц нь л өөрөө цаг хугацаа юм. Ийм хугацаанд нь бид багшилдаг.

Хүмүүс хэдийчинээ гэгээрнэ, тэр чинээгээр эрх чөлөөг олно. Буруу хүмүүжилтэй хүний эр зориг бүдүүлэг авир болж, эрдэм мэдлэг нь их зан болж, хурц ухаан нь алиа марзан болж, цайлган сэтгэл нь зусар бялдуучлал болж хувирдаг сургаалыг шавь нартаа үргэлж сануулж бай.

Атаархал нь миний эзэмших, хийх ёстой юмыг надаас өмнө гүйцэтгэчихлээ хэмээсэн ухамсараар өдөөгдсөн сэтгэлийн түгшүүр учир гүйцэж түрүүлэхийн төлөө цаг алдалгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэгэнт хоцорчихлоо хэмээн эс хөдөлмөрлөвөөс тэнэг рүү өөрийгөө хязгааргүй тэмүүүлүүлж буй хэрэг. Атаач хүн өөртөө л дайсагнаж явдаг учир нь тэр өөрийнхөө бий болгосон муу муухайд шаналж байдгыг сануулах юун.

Манай сургалтын систем (1990 оноос өмнө ) суралцагчдад сургалтын зардалыг улс дааж, багш тодорхой мэдлэгийг тулган олгож, зөвхөн түүнийгээ хир зэрэг ойлгосноор үнэлж байсаныг өөрөө сургалтын зардалаа төлж, өөрийн хүссэн мэрэгжилээр дээд боловсролыг эзэмших системээр сольсон учраас монголын боловсролын системд гарсан чанарын өөрчлөлт гэж үзэхээс аргагүй. Чанартай мэрэгжилтэн бэлтгэхийг зориж, их хөрөнгө зарж, өндөр өртөгтөй мэрэгжилтэн гаргаж байсан нь сайн тал боловч ихэнх мэрэгжилтэнээр үргэлж дутагдаж, хүний сурах эрх чөлөө өөрөөр хэлбэл сургалтын эрх чөлөөт байдал гажигдаж байсан. Кредит систем энэ дутагдлаас гарахын тулд ө.х. хүссэн бүхэн суралцах эрх чөлөөг эдлүүлэхийн тулд үүссэн, амьдралаар (урт хугацааны туршид) шалгагдаж боловсронгуй болсон үед манайд нэвтэрч байгаа учраас шүүмжлэх (үгүйсгэх)-ийн оронд сайн судлаж, ажилдаа нэвтрүүлэхийг урьдал болгох нь илүү үр дүнтэй санагдана. Боловсролын эцсийн зорилго нь улс орныг авч явах төрөл бүрийн нарийн мэрэгжлийн боловсон хүчний иж бүрэн баазтай болгоход л оршино.

Энэ хоёр системыг “Ялгагдахуйн онолоор тайлбарлавал чанараас тоонд шилжих хуулиас тооноос чанарт шилжих хуулиар сольсон учир эцсийн үр дүн адилхан, хүрэх арга өөр хэмээн дүгнэж болно”. Энэ утгаараа шинэ системийг зах зээлийн нөхцөлд тохирсон систем гэж ихэнх эдийн засагчид үзэж байна. Үүнтэй би санал нэг байдаг. Кредит систем цөөн хүн амтай, боловсролын ач холбогдлыг төрөхөөсөө мэдэрсэн, хүн бүхэн дээд боловсролтойн баталгаа дипломтой болохын төлөө ямарч арга хэрэглэхээс буцдаггүй монгол хүнд илүү тохирно. Өөрөөр хэлбэл өсвөр үе маань бүгд л дээд боловсролын бакалаврийн зэрэглэлтэй болог. Энэ зэрэглэлийн төлөө тэмцэхийн учир утга:

× залуу насныхаа хамгийн үр бүтээлтэй 4-5 жилээ зарцуулна;

× энэ хугацаанд нийгэмийн дотор өөрийн байр сууриа эзэлнэ;

× ирээдүйн амьдралын чиг баримжааг олж авна;

× Үүний тулд сургалтын төлбөрөө төлж сурдаг.

Энэ нь хүссэн бүхэн суралцах эдийн засгийн нөхцөлөө өөрөө хангаж байгаа учраас сонирхсон мэрэгжлээр суралцах боломжийг нээж байгаад л ач холбогдол нь оршиж байгаа юм.

Бакалаврийн зэрэгийг дээд боловсролтойн, тодорхой мэрэгжлийн анхан шатны мэдлэг эзэмшсэний баталгаа гэж үзэж болно. Ийм учраас нарийн мэрэгжлийг магистр, докторын сургалтаар эзэмшинэ. даяаршлын эрин үед улс орон оршин тогтнохын үндэс боловсрол гэдгийг ухаарах хэрэгтэй.

Ерөөс амьтан бүхэн залгамж үеэ төрүүлж, биеэн дааж амьдрах чадварыг олтол нь дагуулан сургадаг бол хүн хэдийгээр байгалийн бүтээгдэхүүн боловч өнөөдөр өндөр хөгжлийнхөө улмаас хувийн хүрээнээс хальж, нийгэмийн шинжтэй болсон. Өсвөр үеэ сургаж хүмүүжүүлдэг нь ертөнцийн мөнхөд оршин тогтохын үндэс учраас залуу насанд бүх мэдээлэлийг гаднаас хүлээн авдаг антенн адил, ахмад насанд ормогц цуглуулсан мэдээлэлээ бусдад өгөхийн төлөө сацруулах антенн лугаа адил төрсөн учир залуу үедээ боловсрол эзэмших боломжийг илүүтэй олгож байгаагаар энэ системийн давуу тал оршино.

“мэдлэг бол ил далд гэсэн хоёр талтай. Мэдлэгийн далд тал нь хүн бүрийн өөрийн гэсэн тэр бүр ил гарч мэдрэгддэггүй тэр мэдлэг чадварыг хэлдэг” тул хүн байгалийн бүтээгдэхүүн учраас нэг нь нөгөөгөөс ижил мэргэжилтэй ч гэсэн далд мэдлэгээр ялгарч байдаг. Өнөөгийн хүн төрлөхтөний хөгжилд хүчтэй далд мэдлэгтэй хүн л чухал болж байгааг онцлон тэмдэглэж байна. Сурган хүмүүжүүлэх ухааны онолоор кредит систем багш төвтөй сургалтаас шавь төвтөй сургалтанд шилжсэн учраас манай боловсролд гарсан чанарын өөрчлөлт мөн. Энэ нь багшийн үүрэг, хариуцлагыг сулруулсан хэрэг биш, харин багш, оюутан хоёрыг нэг түвшинд тавьж, аль нэг нь давамгайлах харьцааг үгүйсгэсэнд оршино. Багш өөрийн заасан хичээлээр олсон мэдлэгийг хатуу хяналтын дор шалгадаг байсан хуучин системээс, оюутаны улиралын туршид хичээлээр болон бие даан олсон мэдлэгийн түвшинг оюутан өөрөө тогтоож, түүнийгээ багшаар баталгаажуулдаг системд орсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ үнэлгээнд хугацааны факторыг тооцсон нь системийн удаан амьдрах чадвар оршиж байна Дүн- оюутны үйл ажиллагааны үнэлгээ; сурган хүмүүжүүлэх ухааны ойлголтоор бол бүтээлч сэтгэлгээний үнэлгээ байх ёстой. Тийм учраас кредит цуглуулж 128-д хүрвэл бакалаврийн зэрэг олгоно. Энэ нь тоон үзүүлэлт чанар нь дотор нь агуулагдаж байдаг. Эндээс өнөөдрийн багшийн үүрэг – оюутанд бүтээлч сэтгэлгээ эзэмшүүлэхэд оршино. гэсэн дүгнэлт гарч байна.

Амьдралаас салангад мэдлэг бол шалгалт өгөхөд тус болохоос биш амьдралд хэрэглэх боломжгүйг өөрийн дөч гаруй жил багшилсан туршлагаар нотоллоо. Ө.Х. дан ганц зөв хариулт бус олон хувилбартай хариулт өгөх нөхцөл бүрдсэн үед бүтээл ч сэтгэлгээ хөгжинө. Оюутан санал бодлоо чөлөөтэй солилцож, илэрхийлж байгаа үед олон ургалч үзэл бодол гарч ирнэ. Багш бид заасан зүйлийнхээ тухай оюутнаас давтан асууж шалгалт авдаг уламжлал нь тэднийг багшийн үзэл бодлыг шууд хуулан цээжлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэгийг мэдэрч, энэ бол багшаас оюутаныг үнэлж дүгнэх шалгуур биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.. Оюутан бүрээс өөр өөр зүйл асууж, ярилцаж мэдлэгийг нь дүгнэх нь илүү үр дүн өгнө.

Хүний танин мэдэхүйн таван эрхтэн дотроос харааны мэдрэмж хичнээн их давуу болохыг шинжлэх ухаан, уламжлалт монгол ухаанд ч заасныг санаж, лекцийн хичээл хамгийн үр өгөөж багатай сургалтын хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Лекцийн хичээлийг сонсож мэдрэхээс харж мэдрэхэд хувиргах арга бол компьютерийн дэлгэцэн дээрээс харж сэтгүүлэх сайхан бололцоо нээлттэй байна.

Залуу багш, оюутануудаа :

1. Тухайн нийгэмтэйгээ тэрсэлдэлгүй ухаарч амьдар : Альваа нийгмийн тухайн үеийн үзэл баримтлал өнгөрснөөсөө заавал илүү дэвшилттэй байдаг учраас түүнийг дагаж, баяжуулж амьдар. Юм бүхнийг хуучнийхаар цэгнэх нь ирээдүйгээ харах чадвараа алдаж, хуучинсаг үзэлтэн болж хувирахад хүргэдэг. Үнэн бат мэдлэг ч гэсэн явцгүй газраа бол эзнээ бүдүүлэг амьтан болгохоос цаашгүй байдаг. Хүн тухайн байгаль-нийгмийн тусгал болон төрдөг тул амьдарч байгаа нийгмээ дагаж амьдрах төдийгүй хийж бүтээснээр өөрийгөө мөнхрүүлэхээр заяасан тул үүргээ биелүүлэхийн тулд бүтээж амьдар.

2.Өөрийнхөө тухай маш бага ярь : нэг бол биеэ магтах болно-энэ нь бусдыг басамжилсан, ихэрхсэн хэрэг, эсвэл өөрийгөө муулна-энэ бол өөрийгөө үгүйсгэсэн, эцэг эхээ дорд үзсэн хэрэг болох тул ярь, тэхдээ бага ярь. Өнөөгийн манай залуучууд өөрийгөө арай их магтаж, ахмадуудаа үеэ өнгөрөөсөн хэмээн үзсэнээрээ, хүн залуу насандаа сэтгэн боддог, ахмад насанд бясалган ухаарч амьдрахаар байгалиас заяасныг үл огоорч, хойт насандаа ч нүглээ наманчлаад барахгүй, үр хүүхдийнхээ төдийгүй монголын ирээдүйгээр тоглож байгаад, Чингэсийн монголын үр сад биш болсонд сэтгэл харамсах юм.

3.Хүн дөрвөн төрлийн үүрэг хариуцлагаа ягштал биелүүлж амьдар : 1. өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага. 2. Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага. 3. Төр улсын өмнө хүлээх хариуцлага. 4. Бусад хүний өмнө хүлээх үүрэг. Хүн энэ дөрвөн төрлийн үүргээ хир зэрэг биелүүлнэ эрх нь тэр хэмжээгээр л танд оногдоно. Эндээс үүргээ биелүүлээгүй бол эрх эдлэх гэж бүү тэмүүл. Энэ дөрөвт хүний ухамсарт амьдралын утга учир оршмой.

Сайн үйлс дэлгэртүгэй.

No comments: