2/01/2008

Монгол Улсын Ерөнхийлөгч танаа

Монгол Улсын Ерөнхийлөгч танаа

Таны “Мянган малчны зөвлөлгөөнийг” санаачилан зохион байгуулсан зорилго нь зах зээлийн нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэх төрийн шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого үгүйлэгдэж, ямаан сүрэг монголын бүх малын гуравны нэг болтлоо өссөн явдал таван сүргийн зохистой бүтэцийг алдагдуулж, улмаар цөлжилтийн гол үүсгэгч болон бэлчээрийн болон газар нутгийн бараг 80-иад хувийг цөлжилтийн байдалд оруулсон эмэгнэлт байдлыг мэдэрч малчидтайгаа нүүр тулан ярилцлага хийсэн нь үнэхээрийн өмнөх ерөнхийлөгчдийн хийгээгүй төдийгүй санаагүй ажлыг зохион байгуулсан нь сүргийн бүтцийг эргүүлж таван хонинд нэг ямаа ноогдож байхаар төрийн бодлогоор зохицуулагдаж байдаг бэлчээрийн мал аж ахуй гэдгийг малчид төдийгүй мал аж ахуйн мэрэгжилтэнгүүд, эрдэмтдэд мэдрүүлэв.

Ийм учраас төрийн өмнөөс, ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс “Таван хушуу малын зохистой бүтэцийг хадгалах” зарлиг гарган, 2007 оны намраас эхлэн хэрэгжүүлэх эхний арга хэмжээ болгон “ямаан сүргийг хонин сүргийн тавны нэг болтол цөөрүүлэх ” нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх эцсийн мөчид тулсан арга хэмжээ болохыг анхааралдаа авна уу. Ямааг ийм хурдацтай өсгөвөл гурван жилийн дараа монголын нутаг нийтдээ цөлжиж, бэлчээрийн хомсдолд нэрвэгдэж, дахин сэргэх экологийн нөхцөл бүрэн алдагдахыг шинжлэх ухааны үндэстэй батлаж байна.

Таван хушуу малын бүтэц алдагдсан нь Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохуйн тулгуур асуудалд ч хүчтэй нөлөөлнө хэмээн үзэж байна.

Монгол гүн ухаанаар сэтгэвэл өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр хэмээх бодлого нь төрийн бодлого, буюу ерөнхийлөгчийн жанжин шугам, харин маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэх нь эдийн засгийн бодлого буюу ерөнхий сайдын жанжин шугам гэвэл энэ хоёрын алтан дундаж дээр тусгаар тогтносон монгол улс, есөн хүлэгт цагаан тугаа мандуулан мөнхөд бадран хөгжих боломжтой хэмээн тодорхойлж байна.

Мал аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого нь: ТХМ-ын бүтэцээр: 1. Толгойн тоог хувиар илэрхийлбэл адуу 20%- 10%, хонь 40%-60%, ямаа 8%-12%, үхэр, тэмээ үлдсэн 32%-18%-ийг бүс нутгаас хамааруулан, говьд тэмээг, бусад бүсэд үхэр нь олон байхаар тооцно. 2. Малын зүсээр: Адуу хээр, хүрэн, зээрд зүс голлосон, нийт адууны 5% цагаан, алаг зүс хамгийн цөөн байхаар, хонь зөвхөн цагаан (тэхдээ хялман цагаанаас бусад), хөх алаг хониор хуц тавих, сэтэрвэл хонины дээд төрөл, ямаа хангайд хар, говьд хөх зүс гололсон, эвэргүй мухар, үхэр нь улаан, хар голдуу зүстэй, тэмээ нь хүрэн, хар хүрэн, шардуу зүстэй байх нь илүү зохимжтой.

“Сайн санааны үзүүрт тос” ерөөлөөр

хундан цагаан хонь нийт малын 60% хүртэл өсч,

мухар, хөх-хар ямаа хонины тавны нэг хүртэл цөөрч,

бүгээн-бараан адуу, улаан-хар үхэр, хүрэн-шар тэмээ

тогтоосон тоо толгойдоо хүртэл өсөх болтугай

“Өдрийн сонин” №265(2717) 2007.11.07 сонинд хэвлэгдсэн

Жич: Таны “Сайн санааны үзүүрт тос” ерөөл нь нүүдэлчид далд, суурингийнхан ил мэдлэг дээр тулгуурладаг учраас цэвэр монгол сэтгэлгээгээр, монголчуудын далд мэдлэгтэйг ухааруулж, хэлсэн ярьсан бодол санаагаа заавал ажил хэрэг болгохыг тушааж байнаа хэмээн ойлгогдоно. Ерөөл бол тугай, түгэй гэсэн лоозон биш хүний сэтгэхүйг залж, цаашид уг үйлийг үргэлжлүүлэн гүйцэтгэ гэсэн үг хэмээн сэтгэж таны хэлдэг ерөөлийг зээлдсэндээ хүлцэл хүсье.

No comments: